Хорооллын дундах төв замуудад хурд сааруулагч байршуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-02 20:03:41

Дархан-Уул аймгийн төв Дархан хотын Захирагчийн албанаас эрхлэн иргэдээс ирсэн санал хүсэлтийг ажил хэрэг болгох үүднээс хотын нутаг дэвсгэрт буюу төв зам дагуу хурд сааруулагчийг байршуулж эхлэв.

Уг хурд сааруулагчийг хөл хөдөлгөөн ихтэй төв газрууд болон сургуулийн орчимд нийт есөн газарт стандартын хурд сааруулагч байршуулна. 2016 онд батлагдсан авто замын хурд сааруулагчийн стандартын дагуу 4,2 метр өргөнтэй хурд сааруулагчийг тус аймгийн барилга угсралт, зам засварын “Огторгуйн бүтээл” ХХК 52 сая төгрөгийн өртөгөөр хийж байна.

Сургууль, цэцэрлэгүүдийн хичээл сургалт эхэлж хорооллуудын дундах авто замын болон явган зорчигчийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулж бүх шатны сургуулиуд “Сургуулийн цагдаа”-г эцэг эхчүүдийн оролцоотойгоор хичээл эхлэх тарах үеэр зохион байгуулдаг болсон нь авто замын ослоос сэргийлэх зөв зүйтэй ажил болж байна гэж аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгаас мэдээллээ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ