ДОРНОГОВЬ: Сэргээгдэх эрчим хүчний төслүүд жилд дунджаар 312.3 сая квт цаг эрчим хүч нийлүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-05-08 12:20:36

Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт 130 MBт-ын хүчин чадалтай нар, салхины сэргээгдэх эрчим хүчний дөрвөн төслийг хэрэгжүүлж байна.


Замын-Үүдэд Японы “Шигемицү Шожи” болон “Шарп корпораци”, Монголын “Эрчим тээг” компанийн хөрөнгө оруулалттай 15 МВт-ын хүчин чадалтай “Гэгээн” станц, өнгөрсөн онд ашиглалтад орсон “Эрдэнэ” нарны станц /нийлбэр дүнгээр 30 МВт/, Сайншанд суманд “Дезерт солар пауэр вуан” ХХК-ийн 30 МВт-ын хүчин чадалтай “Говь нарны цахилгаан станц”, “Сайншанд салхин парк” ХХК-ийн 55 МВт-ын хүчин чадалтай салхин станц тус тус ажиллаж эрчим хүч үйлдвэрлэж буй.


Сонирхуулахад, дээрх сэргээгдэх эрчим хүчний төслүүд нь төвийн эрчим хүчний системд жилд дунджаар 312.3 сая квт цаг эрчим хүч нийлүүлдэг бөгөөд 1.292.385 тонн нүүрс хүчлийн хийг агаар мандалд ялгарахаас сэргийлж, 6.463.031 тонн цэвэр усны хэрэглээг хэмнэж, 732.636 тонн нүүрсний хэрэглээг тус тус хэмнэсэн байна.

Дэлхийн улс орнууд шатдаг түлшнээс эрчим хүч гаргаж авахаас аль болохоор татгалзаж буй өнөө үед Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигтээ хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг одоо байгаагаас 22.7 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байгаа юм.

Холбоотой мэдээ