АРХАНГАЙ: Хашаандаа мод тарих иргэний тарьц, суулгацын үнийг хөнгөлнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын санаачилгаар өрх бүр мод тарих аяныг эхлүүлж, хашаандаа мод тарих иргэдийн худалдан авсан тарьц, суулгацын үнийн 50 хувийг хөнгөлөхөөр боллоо.
Энэ ажил нь айл өрх, иргэн бүрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвх санаачилгатай оролцож, хашаандаа мод тарихыг уриалж байгаа хэлбэр юм.
Хашаандаа мод тарьж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх хүсэлтэй иргэдийн судалгааг авч, нэг өрхөд навчит төрлийн модны суулгац 5 ширхэг эсхүл шилмүүст төрлийн суулгац 1-2 ширхэгийг худалдан авах боломжийг олголоо.
5-р сарын 9-ний өдөр Г.Дэмид жанжны талбайд “Тарьц, суулгац-2025” үзэсгэлэн худалдаа болно. Энэ үеэр судалгаанд хамрагдсан иргэдийн хашаандаа тарих модны суулгацын үнийн дүнгээс хөнгөлөх юм.