Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Шинэ сэргэлтийн бодлого болон УИХ-ын холбогдох тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Мандхай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулж, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахтай холбоотой бодлого зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгааг дурдав. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаварын үнэлгээ 32.5 хувьтай гарсан байна.
Дэлхийн улс орнууд,
нийгмийн бүх салбарууд эдүгээ “хүн, мал, амьтан, ургамал, байгаль
орчны эрүүл аюулгүй байдлын харилцан шүтэлцээг хангах” зарчим бүхий “Нэг дэлхийн, нэг эрүүл мэнд” үзэл
санаанд нэгдэж байгаль орчин, нийгмийн эрүүл мэндэд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулахын төлөө хамтын
хүчин чармайлт гаргаж байгаад
Монгол Улсын хуулийг нийцүүлэх, хүнсний чанар, эрүүл ахуйн
баталгаа хангагдаагүй,
зохисгүй хэрэглээ, шим тэжээлгүй хоол хүнснээс үүдэн хүнд гарч буй сөрөг үр дагавруудыг
багасгах, тээвэрлэлт, хадгалалт, худалдаа, хоол үйлдвэрлэл,
үйлчилгээ, импорттой холбогдох харилцааг нарийвчлан зохицуулах зэрэг
нөхцөл шаардлага бий болсныг тэрбээр танилцуулгадаа онцолсон юм. Мөн хүнсний
салбарын хүний нөөцийг бэлтгэх, тандан судалгааг өргөжүүлж,
тогтмолжуулах, зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоо, баталгаажуулалт, хяналт-зохицуулалтын
механизмыг бэхжүүлэх, иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх хэрэгцээ тулгамдаж
буйг дурдав.
Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “хүнсний
сүлжээ", “хүнсний баталгаат байдал”, “хүнсний эрүүл ахуй” зэрэг нэр томьёоны өөрчлөлт, байгаль орчны эрүүл ахуйн харилцан шүтэлцээг хангахтай
холбоотой зохицуулалт, хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэл, боловсруулалтын
болон түгээлтийн үйл явцад тавих стандарт, шаардлага, тэдгээрийн хяналт,
удирдлага, тандан судалгааны цаглавар, хүний нөөц, сургалт сурталчилгаатай
холбоотой зохицуулалтууд туссан байна. Хууль батлагдсанаар хүнсний чиглэлийн
судалгаа, шинжилгээ тогтмолжиж, тэдгээрийн үр дүнд суурилсан төрийн бодлого
хэрэгжих, тасралтгүй шинэчлэгдэн сайжрах боломж бүрдэх юм. Мөн бодлогын
төлөвлөлт, хэрэгжилт, хяналт баталгаажуулалтын тогтолцоо бүрдэж, шинжлэх ухааны
үндэслэлтэй, стандарттай үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа хөгжиж, иргэд, олон
нийтийн хоол хүнс, шим тэжээлийн тухай болон зохистой хооллолт, эрүүл ахуйн
боловсрол дээшилснээр нийгмийн эрүүл мэндийн суурь үзүүлэлтүүд сайжирна гэж
ажлын хэсэг үзсэн байна.
Хуулийн төсөл, түүний үзэл баримтлалтай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, санал бодол, байр сууриа илэрхийлсэн юм. Оролцогчдын асуултад ажлын хэсгийн зөвлөх багийн гишүүн Хууль зүйн ухааны доктор Д.Энхмаа, Я.Хишигт, ШУТИС-ийн профессор, зөвлөх инженер Ж.Туяацэцэг, НҮБ-ын хөдөө аж ахуйн байгууллагын хуульч Б.Алтанцэцэг нар хариулж, харилцан ярилцлаа. Хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын судалгааг хуулийн нийт 96 заалт тус бүрээр хийсэн талаар доктор Д.Энхмаа танилцуулж, үндсэн дөрвөн зарчим буюу хүнсний хангамж тогтвортой, хүртээмжтэй байх зарчмын хэрэгжилт 50 хувь, хүний эрүүл мэндэд шаардлагатай шим тэжээл, найрлагатай байх зарчмын хэрэгжилт 30 хувь, эрүүл мэнд, амь насанд гэм хор учруулахгүй байх болон хүнсний бүтээгдэхүүний тухай мэдээлэл үнэн зөв, бодитой байх зарчмуудын хэрэгжилт тус бүр 10 хувьтай дүгнэгдсэнийг тоймлон дурдав.
Доктор Ж.Туяацэцэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс V тандан судалгааг 2017 онд хийсэн. Уг судалгааны ерөнхий үзүүлэлтүүд 2023 онд хийсэн VI судалгаагаар ямар ч өөрчлөлтгүй буюу ахицгүй гарсныг дурдаж, энэ нь манай улсын хүнсний шим тэжээлийн нөхцөл байдал хангалтгүй байгааг илтгэж буй үзүүлэлт болохыг тэмдэглэв. Түүнчлэн хууль тогтоомж, бодлогын хэрэгжилт хангалтгүй, холбогдох байгууллага, бүтцийн нэгж, тэдгээрийн чиг үүрэг уялдаагүй, өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжиж буй хүнсний салбарын технологи, инновац, тоног төхөөрөмж, стандартын шаардлагыг хангахгүй байгаа талаар хэлэлцүүлэгт оролцогчид тал бүрээс нь дүгнэн хэлэлцлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.