Үерт өртсөн умард солонгосчуудад туслахыг уриалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-31 11:34:59

БЭЭЖИН. /Xinhua/. Үерт өртсөн умард солонгосчуудад туслахыг  дэлхий нийтэд олон улсын хүмүүнлэгийн байгууллага уриалж байна.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны албаны хүн ням гарагт Хятадын нийслэл Бээжин хотноо сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ ийн уриалжээ.

Тэрбээр Хятадтай хил залгаа Умард Солонгосын зүүн хойд нутгийн Умард Хамгён аймагт очиж, нөхцөл байдалтай танилцсан байна.

Тус аймагт өнгөрсөн есдүгээр сарын эхээр ширүүн бороо орж, үер усны аюул нүүрлэсэн юм. НҮБ-ын мэдэгдсэнээр, үерийн улмаас 138 хүн амиа алдаж, 400 орчим хүн сураггүй болж, 70 мянга орчим хүн орон гэргүй болсон.

Албаны хүн хэлэхдээ “өвлийн улирал хаяанд ирээд байгаа энэ үед Умард Солонгост хэдэн мянган хүн майханд толгой хоргодож байна. Тэдэнд өмсөх дулаан хувцас байхгүй байна. Ундны ус, хоол хүнсний хомсдол нүүрлээд байна” гэв. Ирэх сараас тус мужид Целсийн -15 хэмээс давж хүйтрэх төлөвтэй байна.

Умард солонгосчуудад тусламж үзүүлэхэд шаардлагатай байгаа 15.5 сая долларын ердөө 25 хувь нь л цуглаад байна гэж тэрбээр хэлжээ.

Үерийн дараа Умард Солонгос тав дахь удаагаа цөмийн туршилт хийж, хэд хэдэн удаа баллистик пуужин харвасан юм. Эдгээр үйлдлийнх нь улмаас гадаад улс орнууд тус улсад тусламж үзүүлэхийг хүсэхгүй байгаа юм.


Г.Доржханд

Холбоотой мэдээ