“Боинг” компани эгц хөөрч буудаг нисэх онгоц үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
adiyakhuu@montsame.mn
2016-10-28 13:57:35

НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн “Боинг” корпораци эгц хөөрч буудаг зорчигч тээврийн нисэх онгоц зохион бүтээх гэж байгаа тухай Business Insider гэдэг интернэт сонинд бичсэн байна.

Тус цахим хуудас “Boeing” компанийн авсан патентад үндэслэн ийм мэдээлэл цацжээ.

Эгц хөөрч буудаг шинэ нисэх онгоц нь дор хаяж 100 хүний суудалтай байх бөгөөд нисдэг тэрэг шиг газардаж, тодорхой өндөрт гараад иргэний агаарын тээврийн онгоц адил нисэх аж. Онгоцны анхдагч загвар нь иргэний агаарын тээврийн зориулалттай байх бол бага хэмжээний өөрчлөлт хийснээр цэргийн зориулалтаар ашиглах боломжтой гэнэ.

Харин Boeing компанийнхан дээрх мэдээллийг баталсангүй мөн үгүйсгэсэнгүй. Компанийн төлөөлөгч Том Ким хэлэхдээ “Бидэнд үй олон патент бий, тэдний зарим нь хэзээ ч ажил хэрэг болдоггүй. Гэхдээ эгц хөөрч буудаг нисэх онгоцны патентын тухайд үл биелэх санаа гэж хэлж болохгүй” гэлээ.   

Шинэ нисэх онгоц нь Bell болон Boeing компанийн хамтран үйлдвэрлэсэн V-22 Osprey гэдэг эгц хөөрч буудаг нисэх онгоцтой олон талаараа адил байх гэнэ. "Оспри" нисэх онгоц 24 зорчигч тээвэрлэн 7620 м-ийн өндөрт, 500 км/цагийн хурдаар нисдэг байна.

Эдгээр үзүүлэлтүүдийг Боинг-ийн патентад дурдаагүй ажээ. Харин дөрвөн хөдөлгүүртэй /V-22 Osprey онгоц 2 хөдөлгүүртэй/ бөгөөд далавчнууд нь нислэгийн байдлаас шалтгаалан хэлбэрээ өөрчилдөг гэж бичсэн байна.

Б.Адъяахүү

 

 

Холбоотой мэдээ