ДАРХАН-УУЛ: Соёлын салбарт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 719.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон тус газрын харьяа байгууллагуудад техник, тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсгийн шинэчлэл хийлээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны хөрөнгө оруулалтаар хийсэн тоног төхөөрөмжийн шинэлэлд Залуучууд театр, Музей, Төв номын сан, Хүүхдийн номын ордон, Шарын гол, Орхон, Хонгор сумын Соёлын төвүүд болон ЕБ-ын “Од” сургуулийн хөгжмийн тэнхим хамрагджээ.
Соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд гэрэлтүүлэг, хөгжмийн зэмсэг, дуун тоног төхөөрөмж бүхий 85 нэр төрлийн 1185 ширхэг тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэг зэргийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням орон нутагт ажиллах үеэрээ хүлээлгэн өгөв.
Тус хөрөнгө оруулалтыг Дархан-Уул аймгийн Соёлын салбарынхан болон ЕБС-ийн хөгжмийн дугуйлангийн сурагчид сэтгэл дүүрэн хүлээж авлаа.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Дархан-Уул аймгийн соёл, урлагийн байгууллагуудын техник, тоног төхөөрөмжийн хүртээмж нэмэгдэж, уран бүтээлчдийн уран бүтээлийн чанар сайжрах томоохон хөрөнгө оруулалт боллоо гэж аймгийн СУАЖЗГ-ын дарга Х.Соёл-Эрдэнэ онцоллоо.