Жаргалант сумын засаг дарга удахгүй томилогдоно

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2016-10-28 10:49:06

Сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Сумдын ИТХ-ын анхдугаар хуралдааны тов гарч, эхнээсээ хурлаа хийж эхлээд байна. Ховд аймгийн  хамгийн олон мандаттай  хоёр  сумын нэг болох Жаргалант сумын ИТХ-ын анхдугаар хуралдааныг  энэ оны 11-р сарын 2-ны өдөр хуралдуулахаар болжээ. Жаргалант сум бол аймгийн төвийн сум,12 багтай.

Нийтдээ 31 мандатын 6-г  АН, 25-ыг нь МАН авч, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан болохоор одоо хэн нь Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга болох бол гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаа нь нууц биш.

Зарим эх сурвалжийн мэдээлсэнээр МАН-ын дүрмэнд ялсан намын дарга нь Засаг дарга байж болно гэж заасны дагуу Жаргалант сумын МАН-ын хорооны дарга Ц.Ганданповрон Жаргалант сумын Засаг дарга болох магадлал өндөр байна.

Харин Жаргалант сумын ИТХ-ын даргад сүүлийн 12 жил тасралтгүй Наран багийн Засаг даргаар ажиллаж, сумын ИТХ-д дөрөв дэх удаагаа сонгогдсон И.Цэрмаа, Тахилт багаас Сумын ИТХ-д  хоёр  дахь удаагаа сонгогдсон Д.Бумцэнд, Магсаржав багаас сумын ИТХ-д сонгогдсон Аймгийн Барилгачдын холбооны тэргүүн, Ихрүүдийн холбооны тэргүүн Ц.Цэндхүү, Бичигт багаас сумын ИТХ-д сонгогдсон “Захчин түмний холбоо” ТББ-ын тэргүүн Ц.Цогтбаяр нарын нэр ч бас яригдаж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ