Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуульд 1017 ажилтан, албан хаагч оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-26 13:40:09

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас Мал эмнэлгийн ерөнхий газарт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 26-28-нд зохион байгууллаа.


Дадлага сургууль нь Мал эмнэлгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдад 4:00 цагт “Цуглар” зарлан мэдээллийн дохиог өгч бэлтгэл, бэлэн байдлыг шалгаснаар эхэлсэн аж.


Хурандаа Ц.Ганзориг ярихдаа, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах бүрэлдэхүүн хэсгийн хэд, хэдэн асуудал ажлын үүрэгтэй шууд холбоотой. Сүүлийн жилд төв болон зүүн бүсийн аймагт гарсан хонины цэцэг, бог малын мялзан, баруун бүсийн зарим аймагт гарсан бог малын мялзан, төвийн бүсийн аймагт гарсан гахайн африкийн мялзан зэрэг өвчний хариу арга хэмжээг зохион байгуулсан. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бэлчээрийн ургамлын гарц багасаж, малын тарга тэвээрэг муудаж шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан малын гоц халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдсэн. Мөн зэрлэг амьтан, нисдэг шавжаар дамжин хил дамнан орж ирэх гоц халдварт өвчний эрсдэл өндөр байна. Тиймээс мал эмнэлгийн байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хариу арга хэмжээг зөв оновчтой төлөвлөх, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах цогц тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгаа тул энэхүү сургуулийг анх удаа зохион байгуулж байна” гэлээ.


Сургуульд Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, Малын эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори, 21 аймгийн Мал эмнэлгийн газрын нийт 1017 гаруй ажилтан, албан хаагч оролцож байна. Мөн дадлага сургуульд ҮАБЗ, Гамшгаас хамгаалах улсын алба, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын төлөөлөл дадлага сургуульд хамрагдаж байгаагаараа онцлог юм. Сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням ажиллаж, томилогдсон алба хаагчид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. 



Холбоотой мэдээ