Атрын IV аяныг хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Атрын IV аяныг хэрэгжүүлэхээр тогтжээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ талаар мэдээлэхдээ, “Тус шийдвэрийг гаргасантай
холбогдуулан Ерөнхий сайд тариалангийн бүс нутгуудад ажиллаж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь
шийдвэрлэх болно” гэлээ.
Манай улс түүхэндээ Атар газрыг эзэмших гурван удаагийн аяныг амжилттай хэрэгжүүлсэн. Атрын анхны аяныг явуулах тогтоолыг 1959 оны гуравдугаар сард МАХН-ын Төв хорооны III бүгд хурлаас гаргасан бол хоёр дахь аян 1976 оноос өрнөжээ.
Атрын эхний аянуудыг МАХН-ын удирдлагаар МХЗЭ-ийн байгууллага
гардан зохион байгуулж, залуучуудыг өргөнөөр татан оролцуулж, шинээр
байгуулагдсан САА-нуудтай хамтарч ажиллаж байсан аж.
Атрын аян нь Монгол Улсын хувьд дотоодын гурил, улаан буудай
зэрэг хүнсний хэрэгцээгээ хангахад үр өгөөжтэй байснаас гадна үйлдвэрлэл,
техник технологи хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Засгийн газрын 2008
оны 70 дугаар тогтоолоор “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийг баталсан. Уг аяны үндсэн зорилго нь хөрсний үржил шимийг хамгаалж, нөхөн сэргээх,
үр сортын болон техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, импортыг орлох, экспортын
чиг баримжаатай газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэж байжээ.