З.Дашдаваа: Бусдын амийг аврахын тулд 68 литр цусаа хандивласан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-03-24 20:40:48

Улаангом. 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Увс аймгийн хүндэт доноруудын нэг, өндөр настан Зандангийн Дашдаваатай цөөн хором ярилцлаа.


-Хүний алтан амийг аврахын тулд та хэдэн жил цусаа хандивласан бэ?

-Би хамгийн анх 1981 онд цусаа өгч эхэлсэн. Тэгээд 1990 оноос хэсэг тасраад, 1997 оноос дахин өгч эхэлснээс хойш 61 нас хүртлээ тасралтгүй цусаа өгсөн. Нийтдээ 68 литр цусаа хандивласан. 500 грамм цусаар 3 хүний амь аварна гэж үзэхээр овоо хэдэн хүнд тус болсон юм шиг байгаа юм. 2013 онд Хүндэт донор цол авсан.


-Хүндэт доноруудад төрөөс үзүүлдэг хөнгөлөлт, тусламж гэж бий юу?

-Жилд нэг удаа түлээ, нүүрсний хөнгөлөлт гэж 140 мянган төгрөг өгдөг. Мөн жилд нэг удаа рашаан сувилалд явахад зардлыг нь төрөөс даадаг юм. Түлээ, нүүрсний хөнгөлөлтөд олгож байгаа мөнгө бага л санагдаж байна. Үнэндээ 140 мянган төгрөг 1 портер нүүрсний үнэ хүрэхгүй байна. Үүнийг мэддэг, шийддэг хүмүүс нь анхааралдаа авч, жаахан нэммээр л байгаа юм.


-Таныг төрийн үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг тань мэднэ. Ингэхэд ямар ямар ажил алба хашиж байсан бэ?

-Би 1981 онд барилга трестэд анх туслах ажилтнаар ажилд орсон. Дараа нь 1987 онд нийтийн ахуй үйлчилгээний салбар луу шилжсэн. 1997 оноос Ус сувагт ажиллаж байгаад 2007 онд Хот тохижилт үйлчилгээний газар байгуулагдахад тэнд ажилд орж, тэтгэвэрт гартлаа ажилласан.

Тэр үед хог ачдаг ногоон машинаар байрны айлуудын хог хаягдлыг ачиж цэвэрлэн хогийн цэгт хүргэж асгадаг байлаа. Хүмүүс хогоо хогийн саванд хийдэггүй, ил задгай хаядаг, байгаль орчноо хайрлаж хамгаалдаггүй хүндхэн цаг үе байсан. Гэр дотроо хэчнээн гоё, цэвэрхэн байгаад орц нь хогоор дүүрэн бол юу нь сайхан байхав дээ. Гаднаа ч, дотроо ч цэвэр цэмцгэр байх нь ёстой гэж бодож явдаг.

Миний хувьд 30 жил гараасаа хүрз салгахгүй ажилласан. Өнөөдөр бие эрүүл, сэтгэл тайван, үр хүүхэд, ач зээ нараараа хүрээлүүлээд сайхан амьдарч байна.

Төрийн буян хишгийг ч зөндөө хүртлээ. Ардын хувьсгалын ойн медалиуд, аймгийн Засаг даргын Жуух бичиг, Хүндэт өргөмжлөлүүд хүртсэнээс гадна Улаангом сумын аварга ажилтнаар хоёр ч удаа шалгарч байсан. Өнгөрсөн жил Алтангадас одонгоор энгэрээ мялаасан.

Бусдын амийг аврахын төлөө өөрийн халуун цусаа харамгүй өгч байсны шанд өдий зэрэгтэй яваадаа өвгөн ах нь баяртай байна.

-Ярилцсанд баярлалаа. 

 

Холбоотой мэдээ