Б.Орхонбаяр энэ улиралд бөхийн өргөөнд анх удаа түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-16 10:45:42

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын түүхт 100 жилийн ой, тус сумын харьяат улсын начин Ж.Одсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо.


17 улсын цолтон зодоглосон тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилчин спорт хороо, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Б.Түмэндэмбэрэл үзүүрлэв.


Б.Орхонбаярын хувьд 2024-2025 оны улиралд бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанаас анхны түрүүгээ авсан нь энэ. Бөхийн өргөөнд цөөн барилддаг түүний хувьд хамгийн сүүлд өнгөрсөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 30 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлж байлаа. Ингэснээр бөхийн өргөөнд улсын арслан цолтойгоор хоёр дахиа түрүүлж байгаа нь энэ.


Тэгвэл их шөвөгт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Х.Цогтгэрэл, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Шаравдорж нар шалгарлаа. Х.Цогтгэрэл начин хоёр барилдаанд дараалан их шөвөгт үлдэв. Харин наймд улсын начин Б.Сосорбарам, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн заан Б.Баянсүх, Ж.Хатанзоригт нар үлдэв.


Өнөөдөр Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаантай. Тус барилдаанд улсын аварга нэг, арслан гурав, заан зургаа, харцага найм, начин 27, нийт улсын цолтой 45 бөх зодоглохоор бүртгүүлжээ. Энэ нь МҮБХ-ноос зарласан чансааны оноо олгох 16 барилдааны нэг юм. 





Холбоотой мэдээ