Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Хөрөнгө оруулалтын газрын удирдлагатай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-02-19 17:21:20

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Хөрөнгө оруулалтын газарт зочилж, тус газрын удирдлагатай өнөөдөр уулзав. 

 

Уулзалтаар Гадаад харилцааны сайд “Алсын хараа-2050” Монгол Улсын Монгол Улсын урт хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 14 мега төслийн талаар танилцуулж, Оманы Хөрөнгө оруулалтын газартай хамтран ажиллах чиглэлүүдээр санал солилцов. Энэ хүрээнд Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүн Оман руу экспортлох нөхцөлийг бүрдүүлэх саналыг тавив. Тус сангаас өөрийн үйл ажиллагаа, тэргүүлэх зорилтуудын талаар танилцуулаад Монгол Улстай уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахад бэлэн байгааг онцлов. 

 

Түүнчлэн Оманы Хөрөнгө оруулалтын газрын Узбекистан, Вьетнам зэрэг улстай хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулсан туршлагын дагуу Монгол, Оманы хамтарсан хөрөнгө оруулалтын санг байгуулж, улмаар Монгол Улсад хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжийг эрэлхийлэхээр талууд тохиролцов. Энэ хүрээнд тус сангийн төлөөлөгчид ойрын үед Монгол Улсад ажиллахаар болов.

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ онд зохиогдох Монголын эдийн засгийн форумын талаар танилцуулж, Оманы хөрөнгө оруулалтын газраас тус форумд төлөөллөө оролцуулахаа илэрхийлэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ сарын 19-нд Оманы Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Шадар сайд Асад Аль-Тарик-тай уулзаж, Гадаад хэргийн сайд Бадр Аль-Бусайдитай албан ёсны хэлэлцээ хийнэ гэж ГХЯ-наас мэдээллээ.


Холбоотой мэдээ