АРХАНГАЙ: Аялал жуулчлалын найрсаг хот бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-19 13:50:17

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн аялал жуулчлалыг 2023-2032 онд хөгжүүлэх бодлогын цогц баримт бичгийг боловсруулж баталсан. Алсдаа тогтвортой хөгжлийн зорилтуудыг тусгасан, нутгийн иргэдэд түшиглэсэн олон талт хамтын ажиллагааг дэмжих “Аялал жуулчлалын тэргүүлэх нутаг Архангай” болон хөгжих юм. Үүний хүрээнд ч аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.1-д Цэцэрлэг хотыг “Аялал жуулчлалын хот” болгох ажлыг үе шаттай хийхээр хэрэгжүүлэхээр заасан.


Энэ ажлын хүрээнд найрсаг үйлчилгээ бүхий хотыг бэлтгэх, үйлчилгээний байгууллагуудаар дамжуулан Цэцэрлэг хотыг сурталчлах, өрсөлдөгч аймгуудаас ялгарах онцлогийг бүрдүүлэх, үйлчилгээний менежмент, байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, үйлчилгээний ажилчдын харилцааны ур чадварыг дээшлүүлэх, гадаад дотоодын аялагч, жуулчид, үйлчлүүлэгчдийн ая тух, эрүүл аюулгүй байдлыг хангах, тэдний сэтгэл ханамжийг дээдлэх, байгууллага, өрхийн бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.


Үүний нэг ажил нь Цэцэрлэг хотод худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын удирдлага, ажилтнууд болон такси, тээврийн үйлчилгээ эрхэлдэг 60 хүнийг “Үйлчилгээний ажилтнуудын харилцааны ур чадварыг сайжруулах сургалт”-д хамруулж байна.


Сургалтыг аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар Эрдэнэбулган сумын ЗДТГ, ЭМГ, Стандарт, хэмжил зүйн хэлтэстэй хамтран энэ сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.   


Сургалтаар худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагын удирдлага, ажилтнууд, такси, тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд үйлчилгээний стандартын анхаарах асуудлууд, эзрэг харилцаа, хандлага, аялал жуулчлалын брэндийн хэрэглээ, эрүү ахуйн шаардлага хэрхэн хангах талаар дэлгэрэнгүй мэдээлэл, мэдлэг өглөө. 

Холбоотой мэдээ