НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 63 дугаар чуулганд оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. НҮБ-ын ЭЗНЗ-ийн Нийгмийн хөгжлийн комиссын 63 дугаар чуулган “Нийгмийн хөгжлийн асуудлаарх дэлхийн дээд түвшний уулзалтын Копенхагены тунхаглалын болон Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд эв нэгдэл, нийгмийн оролцоо, нийгмийн уялдааг бэхжүүлэх нь” сэдвийн дор Нью-Йорк хотноо энэ сарын 10-14-нд болов.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч
Н.Анхбаяр эл чуулганы энэ сарын 11-ний өдрийн ерөнхий хэлэлцүүлэгт үг
хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ 1995 онд Дани Улсын Копенхаген хотноо болсон
Нийгмийн хөгжлийн асуудлаарх дэлхийн дээд түвшний чуулга уулзалтаас хойших
хугацаанд Монгол Улсын нийгмийн хөгжлийн талбарт олсон гол ололт амжилтуудыг
танилцуулав. Улмаар Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн нийгмийн хүрээний
зорилгуудыг хэрэгжүүлэх явцад тохиолдож буй сорилт бэрхшээлүүд, тэдгээрийг
урагшлуулах арга замыг 2025 оны арваннэгдүгээр сард Катар Улсын Доха хотноо болох
Нийгмийн хөгжлийн асуудлаарх дэлхийн дээд түвшний хоёрдугаар чуулга уулзалтаар
хэлэлцэн тодорхойлно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр энэ сарын 13-нд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан газраас зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхийн тулд хоршоолол болон нийгэм, эв нэгдлийн эдийн засгаар дамжуулан эв нэгдэл, нийгмийн уялдаа холбоог хөгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцов. Тэрбээр хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсад хоршооллын хөдөлгөөн, түүний дотор “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилт, нийгэм, эв нэгдлийн эдийн засгийг хөгжүүлж буй туршлага, улмаар Монгол Улсын санаачилгаар өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “2025 оныг Олон улсын хоршооллын жилээр зарлах тухай” тогтоолын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.