УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн найман сумын 2700 гаруй иргэнтэй уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар
Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст, Жаргалант, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт суманд
ажиллаж, иргэдтэй уулзлаа.
Уулзалтын үеэр 156 иргэн 300 гаруй асуулт асууж, хариулт авав.
Ховд аймгийн Буянт суманд ажиллах үеэрээ УИХ-ын намрын чуулган завсарласан энэ хугацаанд
УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, орон нутгийн иргэдэд шинээр баталсан хуулиудыг
танилцуулж, тэдний дуу хоолойг сонсож, бодлого шийдвэртээ тусган ажиллах нь
зүйтэй гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон. Тэрбээр 126 гишүүнтэй анхны
парламент намрын чуулганаараа улстөржилтөөс үүдэлтэй 30 жилийн хугацаанд гацсан
мега төслүүдийг хөдөлгөх эхний алхмыг хийж чадсан. Өөрөөр хэлбэл, улс төрийн
таван нам, эвслийн төлөөлөл, салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн УИХ
асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж, олон ургалч үзлийг дэмжин ажиллаж байна. Намрын
чуулганаар ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөө баталсан. Тус төлөвлөгөөнд
хууль иргэн рүүгээ хандсан, хүн төвтэй, хүнийхээ эрхийг хамгаалсан, хангасан
байхад чиглэн ажиллахыг эрхэм зорилгоо болгоод байна гэлээ.
Орон нутгийн иргэдийн зүгээс хууль иргэнд үйлчлээд, албан
тушаалтнуудад хүрэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа учраас УИХ-ын стратеги
төлөвлөгөө буюу хууль, эрх зүйн шинэчлэл Гурван төгөлдөршил бодлогыг дэмжиж
буйгаа илэрхийлж байв. Ховд аймгийн Буянт сумын иргэд газрын ховор элементийн
Халзан бүргэдэй ордыг ашиглахгүй байх, 1981 онд барьсан эмнэлгийн барилгыг
шинэчлэх, сургуулийн спорт заалыг өргөтгөх, татвар болон зээлийн хүү дарамт
үүсгэж байгаа асуудлыг шийдвэрлэх талаар санал хэлж байлаа.
УИХ-ын даргын зүгээс сумдад шаардлагатай дэд бүтэц, бүтээн
байгуулалтын ажлыг эрэмбэлж, нэн шаардлагатай ажлуудыг ирэх жилийн төсөвт
тусгах талаар дурдаад, Буянт сумын эмнэлгийн барилга, спорт заалны асуудлыг
шийдвэрлэнэ. Түүнчлэн Халзан бүргэдэй ордын асуудалд иргэдийн санал
бодлыг онцгойлон анхаарч, холбогдох шийдвэр гаргана гэв.
Алс хязгаар нутагт амьдран суугаа Ховд аймгийн иргэд олон нийт, сум, орон
нутгийн амьдрал ахуйтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг УИХ-ын дарга сонсож,
шийдвэрлэхээр ажиллаж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ хэмээн УИХ-ын
Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.