Нэмэлт санал хураалт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-23 12:29:21

Дархан-Уул аймгийн сумын ИТХ-ыг сонгох сонгуульд нийт 39 хэсгийн хороо ажиллаж санал хурааснаас Дархан сумын 31 хэсгийн хорооноос таван хэсгийн хорооны сонгогчдын ирц 50 хувиас дээш гарч санал хураалтыг нь хүчинтэйд тооцжээ. Мөн Шарын гол, Хонгор сумын тус бүр 3, Орхон суманд 2 хэсгийн хорооны санал хураалт хуулийн хүрээнд хүчинтэйд тооцогдсон бол аймгийн дүнгээр 50 хувьд хүрээгүй юм. Иймээс Дархан сумын 15 багт нэмэлт санал хураалт зарлагдаж энэ өглөөний 7 цагт дээрх 15 багийн 31 хэсгийн хороонд санал хураалт эхлэв.

Тус аймаг дахь орон нутгийн сонгуулийн 16 дугаар тойргийн 500 дугаар Хэсгийн хорооны ахлах зохион байгуулагч Д.Гэрэлт-Од:-“Манай хэсгийн хороонд сонгогчдын нэрсийн жагсаалтад 1294 сонгогч бүртгэгдэж өмнөх үндсэн санал хураалтаар 564 сонгогч ирж саналаа өгч ирц 46.91 хувь болж 22 цагт 50 хувьдаа хүрээгүй санал хураалтыг дуусгаснаар өнөөдөр нэмэлт санал хураалтыг явуулж байна. Яг одоо 10 цагийн байдлаар өмнөх 46 хувь маань 48.17 болж өслөө. Одоо 15 сонгогч ирж саналаа өгвөл 50 хувьдаа хүрнэ. Оройн 22 цагт санал хураалт зогсох хүртэл ирцийн хувь өндөр гарна гэсэн тооцоотой байна” гэв. Аймгийн Сонгуулийн Хорооны мэдээгээр  сонгогчдын нэрсийн жагсаалтад 63435 сонгогч бүртгэгдсэнээс өмнөх буюу 19-ны ням гарагийн санал хураалтад 29542 сонгогч оролцож нийт дүнгээр 46,57 хувьтай гарснаар ирц хүрээгүй хэсгийн хороодод нэмэлт санал хураалт явагдаж байгаа нь энэ юм.

Мөн энэ өдөр үйлдвэр байгууллагууд зарим томоохон худалдааны төвүүдийг амрааж сонгогчдын санал өгөх боломжоор хангах ажлыг давхар зохион байгуулсан аж. Нэмэлт санал хураалтын дүнг өглөөний 10 цагийн байдлаар авъя гэсэн боловч аймгийн Сонгуулийн хороо өдөр 12 цагт эхний мэдээг өгөх хуулийн заалттай учир урьдчилж өгөх боломжгүй гэлээ.

                                                                                                                                                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ