АРХАНГАЙ: “Малчин кемп” хөтөлбөр үр дүнгээ өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн эдийн засгийн хөгжлийн нэг хөшүүрэг нь сүүлийн жилүүдэд аялал жуулчлал болоод байна.
Архангай аймгийн үзэсгэлэнт газар нутгийг бахархаад
баршгүй. Аялал жуулчлалын бүс болгон тусгайлсан маршрут бүхий байгалийн болон
түүх соёлын 18 гайхамшиг бий. Үүнээс гадна өнгөрсөн 2024 оноос анх удаа
хэрэгжүүлж эхэлсэн “Малчин кемп” хөтөлбөрийг онцлон танилцуулж байна.
Тус хөтөлбөрийг аймгийн Засаг даргын Тамгын газар “Ара трэвел менежмент” ХХК-тай
хамтран хэрэгжүүлдэг.
Энэ хөтөлбөр нь нутгийн уугуул малчин болон нутгийн иргэдийн мал аж ахуйгаас хамааралтай орлогын төрөл, өрхийн орлого, амьдралын түвшнийг нэмэгдүүлэх, Архангай аймагт жуулчин хүлээн авах боломжтой ор хоногийг нэмэгдүүлэх, нөгөө талдаа Монгол Улсыг олон улсад сурталчлах, нүүдэлчин ахуй, ёс заншлыг жуулчдад ойроос мэдрэх боломжийг олгох алсын зорилготой юм.
Энэ зорилгын хүрээнд Архангай аймгийн аялал жуулчлалын гол маршрутад орсон аялал жуулчлалын бүс газруудад амьдарч буй малчин иргэдийг жуулчин хүлээн авах боломжтой болгон бойжуулсан юм.
Мөн жуулчдын төвлөрлийг сааруулж, гэр буудал, гэр кемп зэрэг нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын жишиг загварыг бий болгоно гэж харж буй.
2024 онд аялагч, жуулчид их зорчдог 30 байршилд 60 айлыг
сонгон, “Малчин кемп” хөтөлбөрийн онцлогийг харуулсан ногоон халз бүхий цагаан бүрээстэй гэрүүдийг тохижуулж, малчин
айлуудад өрхийн бизнесийг удирдах, үйлчилгээний анхан шатны мэдэгдэхүүнийг
олгох чиглүүлэх сургалтуудыг шат дараатай хийсэн юм.
Дээрх
60 айл нь хуурай био бие засах газартай, өөрсдийн гэсэн шалтай гэртэй, уналгын номхон
морьтой, сүү, цагаан идээгээ өөрсдөө боловсруулж, малаа хариулдаг байх гэсэн
шаардлагуудыг хангасан юм. Яагаад гэвэл Архангайг зорьж ирсэн жуулчид монгол
ахуйг харж, өөрсдөө оролцох боломжийг бүрдүүлэх үүднээс дээрх болзлыг тавьжээ.
Өнгөрсөн жил Архангай
аймгийн аялал жуулчлалын гол маршрутад ордог Тариат, Ихтамир, Цэнхэр,
Эрдэнэбулган, Өлзийт, Хашаат, Хотонт, Өгийнуур гэсэн 8 сумын 25 байршилд 50 айл
үйл ажиллагаа явуулсан.
Эдгээр
айлууд нь “Visit ARA” хөтөлбөр болон хувийн шугамаар аялагчдын захиалгыг авсан ба “Visit
ARA” хөтөлбөрөөр дамжуулан 10.1 сая төгрөгийн захиалгыг хүлээн авсан байна.
Өөрөөр
хэлбэл, аялал жуулчлалын идэвхтэй 60 хоног амрагч хүлээж авахаас дээд тал нь 20
хоногт нь амрагч хүлээн авсан үр дүнтэй. “Малчин кемп”-ийн хүрээнд өнгөрсөн 7,
8 дугаар сард 1026 хүн, 256 гэрийг захиалсан байна.
Энэ хөтөлбөрийг жил бүр өргөжүүлэн, тогтмолжуулж, илүү олон айлыг хамруулан аялагчдыг хүлээн авч ажиллах ба айлуудад хонох амрагчдын захиалгыг www.visit-ara.com вебсайтаар дамжуулж авахыг аймгийн аялал жуулчлалын холбооноос мэдээллээ.