Цанын харайлтад түрүүлсэн эмэгтэйг шампуниар шагнажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-01-21 17:13:50

БЕРЛИН, 2025 оны нэгдүгээр сарын 21 /CNN/. Цанын харайлтын дэлхийн цомын тэмцээний сонгон шалгаруулах харайлтад нэгдүгээр байр эзэлсэн эрэгтэй тамирчин Ян Хаерлд 3000 швейцар франкийн /3290 ам.доллар/ мөнгөн шагнал гардуулсан бол эмэгтэй ялагч Селина Фрейтаг-т нүүр гарын алчуур, шампунь бэлэглэжээ.


С.Фрейтаг 12 дугаар сарын 30-нд Германы Гармиш-Партенкирхен хотод болсон Two Nights Tournament тэмцээнд эхний байрт шалгарсныхаа дараа Германы BR24 сувагт ярилцлага өгөхдөө, би шүршүүрийн шингэн саван, шампунь, дөрвөн нүүр гарын алчуур бүхий цүнх бэлгэнд авсан, харамсалтай нь бидэнд таван зуун евро ч өгөөгүй гэсэн байна.  


Сонгон шалгаруулах тэмцээнд түрүүлсэн эмэгтэй тамирчид эрэгтэйчүүдтэй адил шагналын мөнгө авдаггүй гэж Олон улсын цанын холбооноос /FIS/ CNN телевизэд мэдээлжээ. Тамирчдын ярьснаар, уг бэлэгт амралтын өдрүүдээр гоо сайхны үйлчилгээнд хамрагдах эрхийн бичиг багтсан байсан ба энэ нь мэдээж сайхан сэтгэлийн илэрхийлэл байсан ч гэсэн түрүүлсний шагнал гэж үзвэл бухимдал, таагүй сэтгэгдэл төрүүлэх нь ойлгомжтой ажээ.


Эмэгтэйчүүдийн цанын харайлт нь үзэгчдийн сонирхлыг татах, маркетингийн орлого олох тал дээр эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахад доогуур бөгөөд харьцангуй шинэ спорт хэвээр байгаа тул шагналын мөнгө бага байгаа гэж FIS нэмж тайлбарласан байна. Тэмцээнийг зохион байгуулагчид CNN-д мэдэгдэхдээ, FIS-ын зохицуулалт ёсоор эмэгтэйчүүдийн сонгон шалгаруулах тэмцээний ялагчид шагналын мөнгө өгөх санхүүжилтийг олгодоггүй гэлээ. Шагналын мөнгөний зөрүү нь спортын салбарт өнөөдрийг хүртэл байсаар буй тэгш бус байдлыг тодорхой харуулж байна”  гэж спортын салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр ажилладаг Her Sport байгууллага X хуудсаараа дамжуулан мэдэгджээ.



Холбоотой мэдээ