Энэтхэгийн Экспорт, импорт банктай байгуулах зээлийн хэлэлцээрийг хэлэлцэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2025-01-18 12:50:29

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. УИХ-ын өчигдөрийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас өргөн мэдүүлсэн БНЭУ-ын Экспорт, импорт банктай зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хуваарилсныг мэдээлэв.


Төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлж, хэлэлцлээ. 


Уг зээлээр санхүүжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс хамгийн түрүүнд хэрэгжиж, өгөөжөө өгөх, эдийн засаг, стратегийн ач холбогдолтой төсөл гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцлов. Төслийн санхүүжилтэд зориулан 1 тэрбум 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2017, 2019 онд тус тус баталсан юм.


ГТБҮ барих ажил 2024 оны жилийн эцсийн байдлаар 23.5 хувьтай, зээлийн хэлэлцээрүүдээр баталсан санхүүжилтийн 268.8 сая ам.долларыг ашиглаад байна. Цар тахал, тээвэр ложистик, бараа материалын үнийн өсөлт, технологи, тээвэрлэлтийг манай улсын цаг агаарын нөхцөл байдалд тохируулах шаардлагатай болсноор төслийн зардал нэмэгдсэнийг Сангийн сайд Б.Жавхлан тэмдэглэв. 


Энэ удаагийн зээлийн хэлэлцээрээр төслийн нийт өртгийг 1 тэрбум 698 сая ам.доллар болгон 462.2 сая ам.доллараар нэмж байгаа бөгөөд өмнө баталсан зээлийн санхүүжилтийн 236 сая ам.долларыг шинээр авах зээлийн дүн дээр нэмж, 700 сая ам.долларын хэлэлцээр байгуулна. Жилийн 1.75 хувийн хүү, үйлчилгээний болон хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл тус бүр 0.5 хувь, үндсэн өр төлбөрөөс эхний таван жил чөлөөлөх, нийт 20 жилийн хугацаатай аж.


Төслийн ТЭЗҮ-д АҮЭБЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 онд тодотгол оруулсны дагуу Засгийн газар нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг 2024 оны 10 дугаар сард хүргүүлснийг БНЭУ-ын Засгийн газар 2024 оны 11 дүгээр сарын 26-нд шийдэж, ЭКСИМ банканд уламжилсныг тус банк 12 дугаар сарын 24-нд шийджээ. Зээлийн хэлэлцээрт энэ сарын 16-нд гарын үсэг зурсан юм.



Байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар ТЭЗҮ хийсэн эсэх, газрын тосны хангамж, олборлолт, түүхий эдийн эх үүсвэр хангалттай эсэх, усны хангамж, нөөцийн талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн нар төсөв хэлэлцэх үед хэлэлцээрийг оруулж ирэх боломж байсан эсэх, ямар учраас төсөвт суулгаагүй, нэмэлт санхүүжилттэй холбоотой үндсэн зээлийн эргэн төлөлт, үүнтэй зэрэгцэн хэрэгжих өөр том төсөл байгаа эсэх тухай, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гүйцэтгэлийн аудит байхгүй, хэлэлцээрийн санхүүжилттэй холбоотой төсөв санхүүгийн дарамт үүсэх эсэх, төсөл хэрэгжсэнээр санхүүжилтээ хэрхэн нөхөх талаар, УИХ-ын гишүүн Б.Жаргалан ТЭЗҮ-ийн өртөг нэмэгдэх, төсөл хэрэгжсэн хугацаанд ямар бүтээн байгуулалт хийсэн, шимтгэлд эргэн төлөлт хийж байгаа эсэх, 13,1 сая ам доллар төлсөн эсэх, эргэн төлөлтийн нөхцөлд хүүгийн тооцоо байхгүй, жилд хүүгийн төлбөрт хэдий хэмжээтэй төлбөр төлдөг, дефолт хүүгийн талаар гэрээнд тусгасан эсэийг тодруулж хариулт авлаа. 


Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Батбаатар дэмжих шаардлагатай төсөл боловч мэдээлэл хангалтгүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүсэхгүй байхад анхаарах талаар, УИХ-ын гишүүн С.Ганбаатар ТЭЗҮ, тооцоо судалгаа хангалтгүй, байгальд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ байхгүй, газрын тосны хангамж график төлөвлөгөөг тодорхойгүй зэргийг, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар төсөл улс орны хөгжилд хэрэгтэй, эсэхийг дүгнэх, төслийг хэрэгжүүлэхдээ хариуцлагатай хандах, баримт тооцоотой байхад анхаарахыг хэллээ. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзжээ. 


Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Ганбаатар, хуулийн төслүүдийг яаралтай өргөн барьж, хэлэлцэж байгаа учир мэдээлэл дутмаг байгааг дурдаж, манай улс авсан зээлийнхээ ашиглаагүй хэсэгт хүү төлж байгааг анхааруулан, хэлэлцээрт тусгасан 36 сарын хугацаандаа үйлдвэр ашиглалтад орохгүй бол хэн хариуцлага хүлээхийг асуув. Үүнд АҮЭБЯ-ны Газрын тосны БХЗГ-ын дарга Ч.Хишигдалай хариулахдаа, “EPC1 төслийн ажил бүрэн дууссан, EPC2-ийнх 25, EPC3-ийн ажил 20 хувьтай байна. Зээлийн хэлэлцээр баталснаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын гэрээ баталгаажиж дуусна. Гэрээ баталгаажсан өдрөөс хойш 36 сарын хугацаанд EPC4-ийн бүх бүтээн байгуулалт дуусна” гэлээ. 


Мөн Сангийн яамны Өрийн удирдлагын газрын дарга Л.Гантогтох одоогоор манай улс ашиглаагүй зээлийн төлбөрт 10.1 сая, үндсэн өрийн төлбөрт 26.0 сая ам.доллар төлснийг танилцуулав. 


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ГТБҮ ашиглалтад ороод, өөрийгөө санхүүжүүлж, өртгөө нөхөж, төсөвт хүндрэл учруулахгүй ажиллах, өртөг зардал дахин нэмэгдэхгүй баталгаа бий эсэх, 36 сарын дараа үйлдвэр ямар үнэ бүхий бүтээгдэхүүн гаргахыг  тодруулахад, “Монгол ГТБҮ” ТӨХХК-ийн Гэрээ, эрх зүйн газрын дарга У.Чинзориг, “Үйлдвэр өртгөө 7-8 жилийн дотор нөхөх эдийн засгийн тооцоотой. Нэгж бүтээгдэхүүнийг 2100 төгрөгөөр үйлдвэрлэнэ” хэмээн хариуллаа. 


УИХ-ын гишүүн С.Ганбаатар манай улсын нефть олборлолтын нөөц боломж үйлдвэрийг түүхий эдээр хангаж хүрэлцэхгүйг дурдаад, тооцоо судалгаагүй, хяналтгүй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж болохгүй гэв. УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа анх байгуулсан зээлийн хэлэлцээрээр баталсан санхүүжилтийн 34 хувийн нэмэлт орж ирж байгаа гэх боловч 44 сая ам.доллараар илүү байгаагийн учрыг магадлаж, үйлдвэрийн ажилд шаардагдах материал, техник, тоног төхөөрөмж, тээвэр логистикын үнэ өссөнийг хаана, яаж баталгаажуулсан, аудит, хөндлөнгийн хяналт хийсэн эсэхийг асуулаа. Тэрбээр, өмнө байгуулсан гэрээ хэлэлцээрт хамаарах зарим санхүүжилтийг шинээр байгуулж буй хатуу нөхцөл, заалттай хэлэлцээр рүү татах нь зөв эсэх, эргэн төлөлтөд асуудал үүсэхэд Эксим банкны тодорхойлсон баримтаар шууд төлөх нөхөн төлбөрийн хатуу заалт ямар эрсдэл дагуулах, Монголд үүссэн хэлэлцээртэй холбоотой аливаа асуудлыг Энэтхэгийн хуулийг барьж шийдэх нь зөв эсэхийг лавлалаа. 


Сангийн сайд Б.Жавхлан, "Төслийн төсөвт өртгийг АҮЭБЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл тооцоолсон. Үүнд Засгийн газар яман нэгэн өөрчлөлт хийгээгүй, зээлийн хэлэлцээрт тусгасан нөхөн төлбөрийн хатуу нөхцөл, Энэтхэгийн хуулиар шийдэхийг манай тал хүлээн зөвшөөрсөн" хэмээв. Маргаан гарвал олон улсын арбитрын шүүхээр шийдүүлэх заалт тусгасан аж. 


УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, энэ нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр батлагдахгүй бол ямар эрсдэл үүсэхийг тодруулж, бүтээн байгуулалтын менежментийг сайжруулах шаардлагатай гэв. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хянаж шалнах Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэгт ажиллах боломж олгосны үндсэн дээр зээлийн хэлэлцээрийг шийдэх нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг уг гэрээ хэлэлцээрийн төсөлд хуулийн дүгнэлт гаргасан эсэх, нөхөн төлбөрийн хатуу нөхцөлд Энэтхэгийн талын гүйцэтгэлийн нөлөөллийг харгалзах эсэх талаар асууж хариулт авав. 


УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, Матад, Тамсагийн газрын тосны нөөц багасаж байгааг харгалзан бүтээн байгуулалтыг түргэвчлэх шаардлагатайг анхааруулж, евростандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэх учир ашиглалтад орсноос хойш менежментийг хэрэгжүүлэх компанийг бэлтгэхэд одооноос анхаарах нь зүйтэй гэлээ. 


Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы дараагийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлжээ.


Холбоотой мэдээ