Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дотоодын гурилын үйлдвэрүүд 210 мянга орчим тонн улаанбуудай нөөцлөөд байна.
Хөдөө аж ахуйн корпорац ТӨХК-ийн нөөцөд гэхэд 70 мянган тонн
хүнсний буудай бий. Энэ онд
дотоодын үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байгааг Хөдөө аж ахуйн корпораци
ТӨХХК-ийн захирал Б.Цогтсаран
тэмдэглэжээ.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын хүнсний стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурил
үйлдвэрлэгчдийг хүлээн авч гурил
үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн юм. Уулзалтын эхэнд өнгөрсөн
оны ургацын тайлан, дүн мэдээллийг нэгтгэх, гурилын үйлдвэрүүдийн авсан
улаанбуудай, улсын нөөцөд байгаа буудайн хэмжээтэй уялдуулан энэ онд үйлдвэрлэх
гурилын хэмжээг тогтоох талаар ярилцсаныг ХХААХҮЯ мэдээллээ.
Гурил үйлдвэрлэгчид улаанбуудай, гурилын үнэ, гаалийн албан татварыг Засгийн газар
эргэж харах хэрэгтэй, үйлдвэрүүдийн
хүчин чадал 30-50 хувь багасаж, сул
зогсолт ихсэж, цалин, хөлс
олгоход бэрхшээлтэй болсноо илэрхийлэв. Гурилын борлуулалт багасахад импортоор орж ирж буй гурилын тоо хэмжээ нөлөөлж байгаа тул дотоодын үйлдвэрлэгчдээ
дэмжсэн шийдвэр хэрэгтэйг онцолжээ.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр дотоодын гурил үйлдвэрлэгчид холбооныхоо зохион байгуулалтыг сайжруулж, тогтвортой байдлаа хангаж, нэгдсэн бодлого шийдвэр гарган, дунд хугацаанд хийх ажлын төлөвлөгөө боловсруулж, нэг зорилготой байхыг сануулсан байна.
Хэлэлцүүлэгт Улаанбаатар гурил ХК, Өег гурил ХХК, Од групп, Өгөөж гурил ХХК, Хөвсгөл Алтандуулга
ХК, Милл хаус гурилын үйлдвэрийн удирдлагууд оролцжээ.