Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр “Гоо зүйн дээд шагнал” хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-10-21 17:58:58

Монголын XX зууны нэрт соён гэгээрүүлэгч, доктор, профессор С.Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн дээд шагнал”-ын эзнээр хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр тодорч, 10 сая төгрөг гардлаа.

Шагналыг С.Лувсанвандангийн ууган хүү УИХ-ын гишүүн Л.Болд болон отгон хүү Богд банкны ТУЗ-ийн дарга Л.Болдхуяг нар гардуулан өгсөн юм.

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын хувьд дэлхийн сонгодог хөгжмийн өвийг үндэсний уламжлалтай хослуулан дотоод мэдрэхүй, гоо сайхныг өвөрмөц онцгой зохиомжоор илэрхийлэн туурвисан бөгөөд түүний зохиол бүтээлүүд Монголын орчин үеийн хөгжмийн урлаг, хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэж буйг үнэлэн ийнхүү өргөмжилжээ. 

 “С.Лувсанвандан сан" нь 2005 оноос эхэлж, “Гоо зүйн дээд шагнал”-ыг бий болгон, гоо зүйн өндөр таашаал хүртсэн бүтээлийн эздэд гардуулах болсон. Анхны шагналыг үндэсний уран барилгын сэтгэлгээг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Шинэ төгөл”, “Бодь цамхаг” бүтээлээр архитекторч Ө.Ганболдод олгосон юм.

Уг шагналыг архитекторч Ө.Ганболд, уран барималч Б.Дэнзэн, МУГЖ Д.Сосорбарам, Төрийн соёрхолт, зохиолч Б.Лхагвасүрэн, тользүйч Л.Амарсанаа, дуучин Э.Амартүвшин, бүжиг дэглээч Д.Энхгэрэл нарын уран бүтээлч хүртэж байв.

Ж.Болор

Холбоотой мэдээ