ӨМНӨГОВЬ: Хүнс үйлдвэрлэгчдийг чадавхжуулах, мэдлэг арга зүйн сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-12-06 17:21:08

Даланзадгад, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. "Хүнсний хангамж-аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймгийн хэмжээнд хүнсний худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллага, иргэдийг хамруулан сургалт зохион байгуулж байна.

 

Тус хөдөлгөөнийг орон нутагт зохион байгуулах ажлын хүрээнд Өмнөговь аймгийн ХХААГ-аас санаачлан 12 дугаар сарын 6-ны өдөр сургалт хийж, 15 сумын 150 гаруй хүнсний худалдаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж хамрагдлаа.

 

Сургалтыг Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо, Өмнөговь аймгийн стандарт хэмжилзүйн газар, аймгийн Зооноз өвчин судлалын төв, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар хамтран худалдааны зөвлөх ажилтны мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, жижиглэн худалдааны газрын шинэчлэл, борлуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх боломжууд, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад дотоод хяналт шалгалтын ач холбогдол, өдөр тутмын хяналтын бүртгэл хөтлөх арга зүйг эзэмшүүлэх нь зэрэг сэдвээр мэдлэг, арга зүйн сургалтыг явуулж байна.

 

“Нутгийн хишиг” хөтөлбөрт хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах ажлыг тогтвортой, хүртээмжтэй байлгах бодлогыг хэрэгжүүлж сумдад мал аж ахуйн бүтээгдэхүүн эцэслэн боловсруулах үйлдвэр байгуулах, газар тариалан эрхлэх бааз суурийг бэхжүүлэн хамгаалалттай хөрсний тариалалтыг хөгжүүлэх, орон нутгийн баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг өргөтгөх, шинээр ажлын байр бий болгох, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, ашиг шим, үүлдэрлэг байдлыг сайжруулах зэрэг олон талт ажлыг хэрэгжүүлж байна.

 

Өмнөговь аймгийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний 60 гаруй үйлдвэр цех, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 160 гаруй нэгж, хүнсний худалдаа үйлчилгээний 350 гаруй иргэн, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, нийт 2600 гаруй ажиллах хүчинтэйгээр орон нутгийн хүн амын хүнсний хэрэцээг тогтвортой хангаж байна.

Холбоотой мэдээ