“Соёл танаас эхэлнэ” аяныг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-14 16:06:46

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд болон олон нийтийн харилцаа, хандлагыг эерэгжүүлэх, зөв үйлдэлд уриалж сэдэлжүүлэх зорилгоор “Соёл танаас эхэлнэ” мэдээлэл, нөлөөллийн аяныг Боловсролын яам, Монголын сурагчдын холбоо,  “Си Юү”, Жи-Эс 25” сүлжээ дэлгүүртэй хамтран зохион байгуулж байна.


Энэ сарын 11-нээс хойш нэг сарын хугацаанд үргэлжлэх аян нь  нийгмийн зорилтод бүлэг болох хүүхэд, залуучуудад чиглэж буйгаараа онцлогтой. Аяны гол зорилго нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хүүхэд залуучуудыг хорт зуршлаас хол байлгах, нийгмийн хариуцлагын хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, энэ ажилд бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийг уриалахад оршиж байгаа аж. Аянаар дамжуулан 21 насанд хүрээгүй хүнд архи, утаат тамхи, 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгсэл, 16 насанд хүрээгүй хүнд бэлэн гоймон, ахуйн хэрэглээний газ худалдаалахгүй, түүгээр үйлчлэхгүй байхыг уриалж байгаа юм.


Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 10 сарын байдлаар насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэргийн 897 зөрчил бүртгэгдсэн нь 10.3 хувиар буурчээ. Харин насанд хүрээгүй  хүүхдийн эрсэг үйлдсэн гэмт хэргийн тоо 35.3 хувиар өссөн байна. 2024 оны эхний 10 сарын байдлаар Монгол Улс дахь дижитал хэрэглээний ерөнхий үзүүлэлтээр 2.91 сая интернэт хэрэглэгчтэй. Үүнээс сошиал хэрэглэгчдийн тоо 2.5 саяд хүрсэн бөгөөд энэ нь нийт хүн амын 72 хувьтай тэнцэж байгаа юм. Үүнээс 36.8 хувь нь 18-аас доош насныхан байна.  


Дашрамд дурдахад, Монгол Улс 1989 онд Хүүхдийн эрхийн конвенцод нэгдэн орсон байдаг. Энэхүү Конвенцын зорилгод тухайн хүүхдэд хэрэглэх хуулийн дагуу 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ гэж заажээ.

Холбоотой мэдээ