Израилтай хэлэлцээгээ зогсоохыг Ж.Боррель уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /DPA/. Европын Холбооны /ЕХ/ гадаад хэрэг эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель тус холбооны гишүүн орнуудад хандан, Израил улстай хийж буй улс төрийн яриа хэлэлцээгээ түр зогсоохыг санал болгожээ.
Ийм санал тавих болсны шалтгаан нь Израил улс хүний эрх, олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчиж байгаа талаар олон улсын бие даасан байгууллагуудын танилцуулсан тайлантай холбоотой гэж Брюссель дэх ЕХ-ны төлөөлөгчид мэдээлсэн байна.
Ж.Боррелийн одоогоор амаар мэдэгдээд буй эл саналыг 11 дүгээр сарын 18-нд болох ЕХ-ны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалтаар хэлэлцэх ажээ. Израилтай хийх улс төрийн яриа хэлэлцээг 2000 онд байгуулсан Хамтын ажиллагааны тухай хэлэлцээрээр зохицуулдаг. Уг хэлэлцээрт талуудын харилцаа нь хүний эрхийг дээдлэх, ардчиллын зарчимд суурилсан байх ёстой гэж заажээ.
Хэдэн сарын өмнө Испани, Ирланд улсууд ЕХ, Израилын түншлэлийн гэрээг сайтар судлахыг санал болгож байсан юм. Албан ёсны улс төрийн яриа хэлэлцээг зогсоох нь Хамтын ажиллагааны хэлэлцээрийг зогсооно гэсэн үг биш гэдгийг хэд хэдэн дипломатч онцолж байв. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Израилын Засгийн газартай эдгээр асуудлаар ямар нэгэн уулзалт зохион байгуулах тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Унгар, Чех зэрэг улсууд одоог хүртэл Израилын талд зогссоор байгааг харгалзан үзвэл яриа хэлэлцээг түр зогсоох тухай Ж.Боррелийн саналыг санал нэгтэйгээр дэмжих магадлал бага гэж ажиглагчид үзэж байна. Гэхдээ гишүүн орнуудын дунд асуудлыг хэлэлцүүлснээр Газын зурваст явуулж буй Израилын ажиллагааны хариуд улс төрийн тодорхой дохио өгч чадна гэдгийг ЕХ-ны албаныхан онцолжээ.
“Oxfam”, “Save the Children” хүмүүнлэгийн байгууллагууд "Израилын тал АНУ-аас тавьсан шаардлагуудыг биелүүлээгүй" гэж шүүмжилжээ. Хоёр хоногийн өмнө нийтэлсэн эдгээр байгууллагын хамтарсан тайланд дурдсанаар, 800 мянган хүн "өлбөрч үхэхийн ирмэгт" амьдарч байна. Израил улс амлалтаа зөрчиж, "Газын зурваст Палестины энгийн иргэдэд асар их хэмжээний хохирол учруулсныхаа төлөө шийтгэлгүй үлдэж байна" гэж тайланд цохон тэмдэглэжээ.
Уг тайланд мөн Израил улс хүмүүнлэгийн тусламжийг саадгүй үзүүлэх зорилгоор АНУ-аас тавьсан болзлыг биелүүлээгүй төдийгүй Газын зурвасын хойд хэсгийн нөхцөл байдлыг эрс дордуулсан арга хэмжээ авсан гэдгийг цохон тэмдэглэжээ. Тус хоёр байгууллагыг оролцуулаад хүмүүнлэгийн найман байгууллага Израил эдгээр шаардлагыг биелүүлээгүй гэж мэдэгдсэн байна.
Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхэд саад учруулж, орон сууцны хороололд агаараас цохилт өгч, энгийн иргэдийг хамгаалахгүй байгаа нь хүний эрхийн үндсэн хэм хэмжээг зөрчиж байна гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид үзэж байна. Харин Израилын эрх баригчид үүнийг үгүйсгэж, зэвсэгт хүчний ажиллагаа нь олон улсын хууль тогтоомжид нийцэж байгааг мэдэгдсээр байгаа юм.