Урт цагаанаар овоглосон ууган архитектор Б.Дамбийнямын уран бүтээлийн үзэсгэлэн гарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат барилгачин, Монголын ууган архитектор, ШУТИС-ийн хүндэт профессор Б.Дамбийнямын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан уран бүтээлийн үзэсгэлэн “Бичиг соёл төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд гарч байна.
Энэхүү үзэсгэлэн Монголын хот байгуулалт ба архитектур мэргэжлийн мэдлэг, туршлагыг олон нийт, залуу мэргэжилтнүүдэд түгээж мэргэжлийн ойлголтыг бэхжүүлэх, мэргэжлийн түүхэн туршлагыг тодруулах Контемпорари архитектурын төвөөс хэрэгжүүлж буй “Тодруулга” төслийн нэг хэсэг юм. Энэ удаа Монголын хоёр дахь архитектор Б.Дамбийнямын ажил, амьдрал, мэргэжлийн түүхэн намтар, түүний гэр бүлийн хувийн сан хөмрөг, "Б.Дамбийням: Миний амьдралын бартаатай замнал" номын эх сурвалжид тулгуурлан түүний мэргэжлийн өв, туршлагыг үзэгчдэд дэлгэн танилцуулж буй юм.
Уг үзэсгэлэнгээс түүний мэргэжлийн өргөн хүрээний бүтээлч үйл ажиллагаа хэрхэн Монголын Архитектурын хөгжил, Нийслэл хотын түүх, дүр төрхийг бүрдүүлэхэд хувь нэмрээ үзүүлснийг харж болохоос гадна хувь хүн талаас нь түүнтэй танилцах боломжтой.
Архитектор Б.Дамбийням Улаанбаатар хотын орчин цагийн хот байгуулалт, архитектурын хөгжилд гар бие оролцсон ууган мэргэжилтнүүдийн нэг юм. Түүний зохиосон уран бүтээлд монголын үндэсний хэв маягийг модерн хэв маягтай хослуулах оролдлого хийсэн байдаг аж.
Архитектор Б.Дамбийням нийт 200 орчим барилгын зураг төслийг боловсруулах үйл ажиллагааг удирдан ажиллажээ. Үүнд, Урт цагаан үйлчилгээний төв, Улсын их дэлгүүрийн фасадны дизайн, хуучнаар Гутлын 22 орон сууцны барилга, Эмнэлэг гэгээрлийн ордон /одоогийн Эрүүл Мэндийн Яам/, Сонгинын амралт, сувиллын газар, Монгол Банкны өргөтгөлийн барилга, Ховдын драмын театр зэрэг томоохон барилга болон Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн хөшөөний зураг төслүүд багтана.
Тэрээр архитектороор ажиллах хугацаандаа манай орны архитектурын практик үйл ажиллагаанд тулгарч буй асуудлыг анхааран судалж, барилгын материал болон барилга барих технологийн хөгжүүлэлт, барилгын мэргэжилтэн бэлтгэх сургалтын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Түүний бүтээлүүд олон талт байдлаараа онцлогтой. Тухайлбал, өрнийн уламжлалт классик архитектурын уламжлал болон модерн хэв шинжийг манай орны тухайн үеийн бүтээн байгуулалтын өртөг, барилгын технологийн боломжид нийцүүлэн амралт сувиллын газар, худалдаа үйлчилгээ, орон сууц, эмнэлэг, театр гэх мэт барилгуудад амжилттай хэрэгжүүлсэн мастер архитектор юм. Мөн Улаанбаатар хотод 20 орчим барилгыг архитектор Б.Дамбийнямын зураг төслөөр бүтээн байгуулсан нь түүний мэргэжлийн үйл ажиллагаа хэрхэн өнөөгийн Улаанбаатар хотын төвийн дүр төрх, орон зайн бүтэц бүрэлдэхэд томоохон хувь нэмэр оруулсныг харуулж байна.
Мөн тэрээр өрнийн классик архитектурын төлөвлөлтийн онцлогийг
үндэсний архитектурын элемент, орон зайн онцлогт уялдуулан төлөвлөх,
нийлэгжүүлэх оролдлого хийж
байсан нь Ховдын драмын театр, Пионерын ордон /одоогийн Хүүхдийн Урлан бүтээх төв/, Үндэсний архивын барилга, Гутлын 22,
Дундговьд байрлах урлагийн музей, Бактери шинжилгээний институт зэрэг
бүтээлүүдээс нь тодорхой харагддаг.
Үүнээс гадна 2024 онд буулгасан Урт цагаан үйлчилгээний төвийн барилга нь үндэсний уламжлалт архитектурын элементийг модерн архитектурын аргачлалтай хослуулан төлөвлөсөн манай орны орчин үеийн архитектурын түүхэнд томоохон байр суурь эзлэх архитектурын бүтээл байсан гэдгийг Комтемпорари архитектурын төвийн захирал Б.Батзориг тодотгов.
Үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл олон нийтэд нээлттэй ажиллах юм.