ОАНА-гийн Удирдах зөвлөлийн 53 дугаар хурал эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-09-16 12:01:29

МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Ази номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллага ОАНА-гийн Удирдах зөвлөлийн 53 дугаар хуралдаан ОХУ-ын нийслэл Москва хотноо эхэллээ. 


Тус байгууллагын Удирдах зөвлөл болон Техникийн зөвлөлийн гишүүн орны төлөөлөгчид “Мэдээний өрөөний ёс зүй ба хэвлэл мэдээллийн салбарт хиймэл оюун ухааныг хэрэглэх ёс зүйн асуудал” сэдвийн дор санал бодлоо хуваалцан хуралдаж байна. 


ОАНА нь 1961 онд ЮНЕСКО-гийн санаачилгаар байгуулагдсан ба эгнээндээ бүс нутгийн 35 орны 40 гаруй мэдээллийн агентлагийг нэгтгэсэн мэдээллийн агентлагуудын холбоо юм. Тус байгууллагын сүлжээгээр дэлхий дахины мэдээ мэдээллийн гуравны хоёрыг бэлтгэн нийлүүлдэг.


Одоо тус байгууллагыг Ираны “IRNA” агентлаг даргалж байгаа бөгөөд 2025 оноос ОХУ-ын ТАСС  агентлаг ОАНА-гийн даргаар ажиллах юм. Тус агентлаг ирэх оны дөрөвдүгээр сард Москва хотноо Ерөнхий Ассамблейн хурлыг зохион байгуулна. 


Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь 1981 онд OAНA-д гишүүнээр элсэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2010 онд Турк улсын Истанбул хотноо болсон Ерөнхий Ассамблейн хурлаас анх удаа Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, 2011 онд Улаанбаатар хотноо Удирдах зөвлөлийн хурлыг амжилттай зохион байгуулсан юм. Улмаар 2013, 2019, 2022 онд Удирах зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдсон юм.


Удирдах зөвлөлийн дараагийн хурал Малайз улсын нийслэл Куала-Лумпур хотноо болно.

Б.Хулан


Холбоотой мэдээ