2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий дүрмийг баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-10-14 10:52:54

МОСКВА. /TASS/. Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ 2018 онд ОХУ-д болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ дүрмийг эцэслэн баталлаа гэж Оросын Спортын сайд Виталий Мутко мэдэгдэв.

Тэрбээр өчигдөр ФИФА-гийн зөвлөлийн хуралдаанд оролцсон байна.

"Бид ОХУ-д зохион явуулах ДАШТ-ий талаар хэлэлцэж, тэмцээний бэлтгэл ажлын явцын тайланг ФИФА-д танилцууллаа" гэж Оросын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн албыг хавсран хашдаг В.Мутко мэдэгдлээ.

"Тэд зөвхөн дэмжлэг үзүүлэх бөгөөд бид шаардлагын дагуу, товлосон хугацаанд ажлаа амжуулна гэдэгт итгэлтэй байна. 2017 онд болох Холбоодын цомын төлөөх тэмцээний маркетингийн үйл ажиллагаа болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах дүрмийг мөн баталсан. Түүнчлэн 2018 оны ДАШТ-ний шувтаргын тэмцээний дүрмийг баталсан" гэдгийг тэрбээр дурдав. 

Холбоодын цомын төлөөх тэмцээн ирэх оны зургадугаар сарын 17-ноос долдугаар сарын 2-нд Москвагийн “Открытие”, Санкт-Петербургийн “Зенит”, Сочи хотын “Фишт”, Казань хотын “Казань-Арена” гэсэн дөрвөн цэнгэлдэх хүрээлэнд болно.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ