БАЯНХОНГОР: “Их цогчин” дуганыг сэргээн босгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-09-11 12:32:59

Баянхонгор, 2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монголын бурхны шашны гурван зулын нэг Эрдэнэ бандида хутагт, Хамба Номун хан, Ханчин Чойгял, Ламын гэгээнтний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн хутагтын үүсгэл санаачилгаар Ламын гэгээний Гонгандан дэдлин хийдийн “Их цогчин” дуганыг сэргээн босгохоор болжээ.


1990 онд Монгол Улсад ардчилсан нийгэмд шилжиж шүтэн бишрэх эрх чөлөө бий болсноор Ламын Гэгээний хийд эргэн сэргэж хурал номын үйлээ эхэлсэн. Улмаар Ламын гэгээний наймдугаар дүрийг тодруулах ажил, эрэл хайгуул 10 гаруй жил уйгагуй явуулсны дүнд 2010 онд 3000 гаруй хүүхдийн дундаас Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат Болдын Эрдэнэбатыг Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам болон IX Богд нар Ламын гэгээнтний наймдугаар дүр мөн хэмээн тодруулан Данзанжамбалчойжишинэн хэмээх алдар хайрласан байдаг.


Монгол орноо Бурхны шашин мандан бадарч байх үед Ламын гэгээний хүрээ Богдын их хүрээний дараа орох шашин соёлын том төв болон хөгжиж, өөрийн бие даасан шашин номын дэг жаяг, сүм дуганы өвөрмөц хийцээрээ онцгойрон ялгарч байсан байна.


"Их цогчин" дуган нь хүрээ хийдийн нийтийн уншлага мөргөлөө үйлддэг, хийдийнхээ онцгой хүндтэй, нүүр царай болсон орон газар байдаг бөгөөд Ламын гэгээний хүрээ хийд эргэн сэргэснээс хойш энэхүү дуганаа босгоогүй байсан юм. Гэгээнтний айлдвараар "Их цогчин" дуганыг босгох үйлсийг ийнхүү эхлүүлсэн бөгөөд хандивыг аяныг ч эхлүүлжээ.

Сонирхуулахад, Монголын бурхны шашны гурван зулын нэг Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 385 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд Бат оршил өргөх ёслол хүндэтгэл, шашин соёлын баяр наадмыг 7 дугаар сард тэмдэглэсэн юм.

Холбоотой мэдээ