Я.Синнер Америкийн нээлттэй тэмцээнд анх удаа түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-09-09 08:59:08

НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 9. /ТАСС/. Дэлхийн чансааг тэргүүлж буй Италийн теннисчин Янник Синнер ням гарагт болсон US Open тэмцээний финалын тоглолтонд АНУ-ын тамирчин Тейлор Фритцийг хожсоноор тус тэмцээнд анх удаа түрүүллээ.


Нью-Йорк хотноо 2 цаг 17 минутийн турш үргэлжилсэн уг тоглолтод Синнер 6:3, 6:4, 7:5 харьцаагаар өрсөлдөгчөө хожсон байна.


Өдгөө 23 настай тэрбээр Мэргэжлийн теннисчдийн холбооноос /ATP/ гаргадаг чансааг 6 дугаар сараас хойш тэргүүлж байгаа юм. Я.Синнер тус холбооны ивээл дор болдог тэмцээнүүдэд 16 удаа түрүүлсэн бол Америкийн нээлттэй тэмцээнд анх удаа, Их дуулгын тэмцээнд хоёрдахь удаагаа түрүүлж байгаа нь энэ юм. Тэрбээр энэ онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн бол 2023 онд Дэвисийн цомын эзэн болжээ.   


Финалд түүнтэй өрсөлдсөн Т.Фритц дэлхийн чансааны 12 дугаарт бичигдэж байгаа бөгөөд ATP холбооноос зохион байгуулдаг тэмцээнүүдэд 8 удаа түрүүлсэн байна. Харин энэ удаад US Open тэмцээний финалд шалгарсан нь түүний хувьд Их дуулгад үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм. Парис-2024 Олимпын наадамд тэрбээр Томми Полтой хослон тоглож, хүрэл медаль хүртжээ.


Хатуу гадаргуутай талбайд болдог US Open бол Их дуулгын энэ улирлын дөрөвдэх буюу хамгийн сүүлчийн тэмцээн бөгөөд 75 сая долларын шагналын сантай. Өнгөрсөн онд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Новак Жокович түрүүлсэн бол энэ удаад тэрбээр гуравдугаар тойрогт хожигдсон байна. 

Холбоотой мэдээ