БАЯНХОНГОР: Хөв цөөрөм байгуулах боломжит газрын хээрийн судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-09-06 13:23:31

Баянхонгор, 2024 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас гадаргын ус хуримтлуулах, гүний нөөцийн хэрэглээг бууруулах зорилгоор "Нэг сум - Нэг нуур" санаачилгыг гаргасан. Сум бүр нэг хиймэл нуур, хөв цөөрөм байгуулснаар байгалийн нөөц хамгаалах, зохистой ашиглах боломж бүрдэнэ гэж тооцоолжээ.


Тус үйл ажиллагааны хүрээнд баталсан удирдамжийн дагуу хөв цөөрөм байгуулах боломжит газрын хээрийн судалгааны ажлын хэсэг Баянхонгор аймгийн хангайн бүс буюу Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал сумд ажиллаж байна. Судалгаагаар сумдаас хөв цөөрөм байгуулах боломжит газрын байршлын санал авч, газар дээр нь очин газарзүйн мэдээллийн системийн программ хангамжийг ашиглан боломжит газрыг зураглаж байна. Ийнхүү сумдаас ил болон далд хөв цөөрөм байгуулах санал өгч, шаардлагатай газруудыг сонгон мэдээллийг авч баталгаажуулж байгаа аж.

Усны нөөцийн нэгдсэн бодлого, стратеги төлөвлөгөөний хүрээнд нэгдсэн мониторингийн системийг хэрэгжүүлж, усны нөөцийн хэт ашиглалт, бохирдлын хяналтыг хэрэгжүүлэх болон усны хуримтлал бий болгох зорилготой тус ажил нь гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.




Холбоотой мэдээ