ЗАВХАН: Политехникийн коллежийг төгсөгчдийн 65 хувь нь ажлын байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-08-30 17:35:12

Улиастай, 2024 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Политехникийн коллеж энэ жил 18 төрлийн мэргэжлээр  3, 1.5, 1 жилийн мэргэжлийн боловсролыг олгох элсэлтээ авч байна.

Өнгөрсөн жил тус сургуулийг 239 суралцагч төгсөж хөдөлмөр эрхлэлтийн хувь 65 хувьтай байна.


Техникийн боловсролын 1.5 жилтэй таван мэргэжлээр 33 суралцагч, мэргэжлийн боловсролын 1 жилтэй  9 мэргэжлээр 135 суралцагч суралцаж төгссөн. Мөн мэргэжлийн боловсролын 2,5 жилтэй буюу сүүлд 3 жил болж өөрчлөгдсөн 9 мэргэжлээр 71 суралцагч төгсжээ.


Манай сургуульд суралцагчид нь сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэгт хамрагддаг. Сургалтын төлбөргүй, мэргэжлээрээ дараагийн шатны их, дээд сургуульд дэвшин суралцах боломжтой төдийгүй дотуур байранд үнэ төлбөргүй суудаг.


Энэ хичээлийн жилд нийт 510 гаруй суралцагч суралцах төлөвтэй байна. Шинэ суралцагчдаас гадна гагнуурчны мэргэжлээр 31, оёдол, оёмол бүтээгдэхүүний мэргэжлээр 77, тогоочийн мэргэжлээр 42, мужааны мэргэжлээр 22 суралцагч үргэлжлүүлэн суралцана.


Дээрх мэргэжлээр суралцаж байгаа суралцагчид ерөнхий эрдмийн хичээлээс гадна мэргэжлийн онол, дадлагын хичээлийг үздэг. Ялангуяа мэргэжлийн ангиудын тоног төхөөрөмжүүдийг сайжруулж, орчин үеийн техник тоног төхөөрөмжтэй болсноор мэргэжлийн дадлага хичээлээ бататгах, ур чадвараа нэмэх боломжтой болсон байгаа тухай Завхан аймгийн Политехникийн коллежоос мэдээлэв.



Оёдлын мэргэжлээр суралцаж төгссөн төгсөгчид 100 хувь ажлын байртай болдог

Холбоотой мэдээ