Себастьян Коу ОУОХ-ны тэргүүний албанд өрсөлдөх эсэхээ эргэцүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПАРИС, 2024 оны наймдугаар сарын 12 /Reuters/. Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах бүрэн эрхийн хоёр дахь хугацаагаа 2025 онд дууссаны дараа албан тушаалдаа үлдэх бодолгүй байгаагаа илэрхийлээд байгаа энэ үед Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Коу уг албан тушаалд нэрээ дэвшүүлэх эсэхээ эргэцүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Т.Бах 2013 оноос хойш энэхүү албыг хашиж байгаа бол 1500 м-ийн гүйлтийн Олимпын хошой аварга, 2012 оны Лондоны Олимпыг зохион байгуулах хорооны даргаар ажиллаж байсан С.Коу ОУОХ-ны тэргүүний албан тушаалыг сонирхож байгаагаа өмнө нь илэрхийлж байсан удаатай.
Ням гарагт Олимпын хөнгөн атлетикийн тэмцээн уралдааны төгсгөлд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр С.Коу "хэрвээ боломж гарвал энэ талаар нухацтай эргэцүүлэн бодно гэдгээ би тодорхой илэрхийлсээр ирсэн" хэмээн ярьсан байна. ОУОХ-ны шинэ ерөнхийлөгчийг ирэх гуравдугаар сард болох чуулганаар сонгож, зургаадугаар сард үүрэгт ажилдаа орно гэж Т.Бах хэлжээ.
“Миний бие
амьдралынхаа ихэнх хугацаанд Олимпын хөдөлгөөнд оролцсоор ирсэн. Би Олимпын наадмыг хотын сонгон шалгаруулах явцаас эхлээд зохион байгуулалтыг нь хариуцаж байсан. Мөн Олимпын хоёр наадамд оролцох завшаан надад тохиож байсан. Түүнчлэн би Үндэсний олимпын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд өдгөө Олимпын номер нэг спортын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Эдгээр туршлагыг нэгтгэн дүгнэвэл уг албан тушаалыг
хашихад тус дөхөм болно хэмээн бодож байна. Гэхдээ энэ албанд тохирох бусад нэр дэвшигч ч бий” гэж С.Коу хэлжээ.
Гэхдээ дэлхийн хэмжээний энэ байгууллагад залуу удирдагчид шаардлагатай гэх яриа гараад байгаа энэ үед С.Коугийн нас уг албан тушаалыг хашихад нь саад болж магадгүй юм. Өдгөө 67 настай тэрбээр мөн Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны тэргүүний хувьд Парисын Олимпоос хөнгөн атлетикийн алтан медаль хүртсэн тамирчдад 50 мянган ам.доллар олгох зэрэг зохимжгүй шийдвэр гаргажээ. Одоогоор ОУОХ-ны нэг ч гишүүн Т.Бахын халааг авахын төлөө өрсөлдөнө гэдгээ мэдэгдээгүй байгаа юм.