"Ниволумаб" эм хорт хавдрын эмчилгээнд хувьсгал авчирна
ДЭЛХИЙН МЭДЭЭЛОНДОН./BBC/. Дархлааг дэмжих эмчилгээнд хэрэглэдэг ниволумаб гэдэг эмийн ачаар хорт хавдрын эсрэг тэмцэлд хувьсгал гарч магадгүй болоод байна. Энэ талаарх судалгааг Европын хавдар судлалын асуудлаарх их хурлын үеэр танилцууллаа.
Судалгааны явцад эмч нар толгой болон хүзүүний хорт хавдартай өвчтөнүүдийн байр байдлыг ажиглажээ. Ийм төрлийн хавдраар өвчилсөн хүмүүсийн амьд үлдэх магадлал маш бага байдаг. Харин ниволумаб эмийг уусан өвчтөнүүдийн хувьд амьд байх магадлал химийн эмчилгээ хийлгэсэн хүмүүстэй харьцуулахад илүү өндөр байсан байна.
350 өвчтөнийг хамруулсан судалгааны үр дүнг "New England Journal of Medicine" сэтгүүлд нийтэлжээ. Эдгээр өвчтөнүүдэд ниволумаб эмээр эмчилгээ хийснээс хойш нэг жилийн дараа уг эмийг хэрэглэсэн хүмүүсийн 36 хувь нь амьд мэнд байсан бол химийн эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн 17 хувь нь амьд байжээ.
Түүний сацуу эмийн гаж нөлөө бараг илрээгүй байна.
Өөр нэгэн судалгаанаас үзвэл, ниволумаб эмийг ипилимумаб гэдэг эмтэй хавсран хэрэглэснээр бөөрний хорт хавдрын эцсийн шатанд орсон өвчтөнүүдийн 40 хувийнх нь хавдрын хэмжээ багасч байжээ.
Хорт хавдрын эс нь өөрийгөө эрүүл эс мөн гэсэн химийн дохиог дархлааны системд илгээн, түүнийг "хуурах" гэж оролддог. Үүнийг таслан зогсоох үйлчилгээтэй ниволумаб нь хорт хавдрын эмчилгээнд шинэ эрин үеийг авчрах найдвар төрүүлж байна.
Б.Адъяахүү