Банк, санхүүгийн салбарын бэлгэдэл бухын хөшөөг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны
долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын
банк, санхүүгийн салбарынхан бэлгэдэлтэй боллоо. Энэ нь дэлхийн эдийн засаг,
санхүүгийнхний хүч чадал, эрх мэдэл, ололт амжилтыг бэлгэддэг бухын дүрслэл юм.
Энэ жил тохиож буй Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойгоор банк, санхүүгийн салбарынхан ийнхүү өөрсдийн бэлэгдэл болох бухын хөшөөг нийслэлийн төв хэсэг, Чингэлтэй дүүргийн Анкарагийн гудамжны Монголбанкны уулзварт өнөөдөр нээлээ. Нээлтэд СЗХ-ны дарга Д.Баярсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон санхүүгийн салбарын байгууллага, холбоодын удирдлага оролцов.
СЗХ-ны дарга Д.Баярсайхан үйл
ажиллагааг нээж хэлэхдээ, энэ онд банкны салбар үүсэж хөгжсөний 100 жил,
Даатгалын салбарын 90 жилийн ой тохиож байгаагаас гадна санхүүгийн зохицуулагч
байгууллага, ялангуяа хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага үүсэж
хөгжсөний 30 жилийн ой тохиож байгааг онцлон дурдав.
Ийм тэмдэглэлт ойн жил Монголын банк, санхүүгийн салбарынхан өөрсдийн бэлгэдэлтэй болж, бухын
хөшөөг нээж байгаа нь Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн хүч
чадал, ололт, амжилтыг бэлгэшээсэн бэлгэ дэмбэрэлтэй явдал болж байна гэв.
Банк, санхүүгийнхэн нийслэл хотын төв хэсгийг “Санхүүчдийн талбай” гэж нэрлэж түүн дотроо салбарынхаа онцлогийг шингээсэн бухын хөшөөг босгосон нь томоохон үйл явдал болж буй бөгөөд нөгөөтэйгүүр нийслэлд өнгө нэмж, иргэд, олон нийтийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газар нэгээр нэмэгдэж байна.
Энэ талаар Монголбанкын ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, манай салбарынхан банк,
санхүүгийн зах зээлийн өсөн дэвжих бэлгэдэл бухын хөшөөтэй боллоо. “Тэрбум мод
сан” хамтран санхүүгийн зах зээлийн өсөлтийн бэлгэдэл бухын хөшөөг сүндэрлүүлж нээлээ.
Аялал жуулчлалын жил нийслэлийн банк, санхүүгийн
байгууллагууд төвлөрсөн төв хэсэгт жуулчдыг татах нэг орчинг тохижуулсныг
хэллээ.
Санхүүгийн салбарын бэлгэдэл болсон Бухын хүрэл хөшөөг уран бүтээлч Ж.Цолмонхүү, Д.Анхбаяр, Д.Ариунболд, Б.Лхагважав, Н.Саруул-Оргил, О.Жамьяантүвдэн болон Монголын Урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчид бүтээж, банк, санхүүгийн салбарынхан ивээн тэтгэжээ.