УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тойргийн сонгогчидтойгоо уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-10 11:44:11

Энэ сарын 09-нд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан  Дорноговь аймгийн Сайншанд хотын Хүүхдийн ордонд ирж тойргийн сонгогчидтойгоо уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.

Тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн алдаатай бодлогын улмаас улсын нийгэм эдийн засаг, төсөв санхүүгийн байдал хүндэрч, хариуцлагагүй  байдал газар авсныг дурдаад улс оронд нүүрлэсэн нийгэм эдийн засгийн байдал, төсөв санхүүгийн хямралыг  гэтлэн давахаар  төлөвлөсөн УИХ болон Засгийн газрын  бодлого шийдвэр,  түүний хэрэгжилтийн талаар тоймлон ярив.

Төрийн түшээгээс иргэд хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө яагаад цагтаа буухгүй байгаа, төрийн албан хаагчийн тэтгэмжийг бууруулсан эсэх нийтийн тэврийн үйлчилгээ, хөдөө аж ахуй, малын гаралтай түүхий эдийн үнэ ханш болон  газар өмчлөлтэй холбоотой цөөнгүй асуудлаар санал гомдлоо илэрхийлж хариулт авсан юм.

Тэрээр хэлэхдээ хууль ёсыг хэрэгжүүлдэггүй, албан тушаалаа хувийн явцуу эрх ашигтаа урвуулан ашигладаг, албан тушаалыг амьдрах арга хэрэгсэл гэж хардаг байдал Дорноговьд бий болжээ. Тийм учраас   Дорноговь аймгийн нийгэм эдийн засаг хүнд байдалд орж өр ихээр хуримтлагдсан байна.

 Нэг жишээ хэлэхэд Дорноговь  аймгийн иргэд өнөөдөр халамжийн  мөнгөө хугацаанд  авч чадахгүй байна. Судлаад үзэхлээр  авах ёстой татвараа хугацаанд  авч чаддагүй, аж ахуй нэгжүүд нь татвараа төлдөггүй ийм байдал тогтчихож.

Тухайлбал, Дэлгэрэх суманд үйл ажиллагаа явуулдаг “Засаг чандмань майнз” ХХК гэхэд л 600 сая төгрөгийн өртэй байх жишээтэй. Тийм учраас би төрийн болон хууль хяналтын байгууллагын албан хаагчидтай  уулзахдаа  хэдэн зүйлийг хатуу анхааруулсан.

Тухайлбал, аймаг орон нутагт үр өгөөж өгөхгүй байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагааг шалгах, шаардлагатай бол хаах, татвараа авах, сахилга хариуцлагыг бий болгох, шударга ёсыг тогтоох, хууль завхруулсан  эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагааг шалгах үүрэг чиглэл өгсөн.

Энэ дагуу хяналт шалгалтын асуудлаар мэргэжлийн байгууллагууд сумдуудад ажиллаж байна.  Нөгөө талаар орон нутгийг удирдаж байгаа  намын нөхдөдөө хандаж хууль ёсыг дээдлэх, иргэдийнхээ төлөө ажиллах,  өөрийн явцуу эрх ашгийн төлөөнөө ажиллахгүй байхыг анхааруулж байгаа.

Иргэдээс гарсан  санал бүрийг  орон нутгийн удирдлагууд хүлээн авч шийдвэрлэдэг байх ёстой.  Энэ тал дээрч би бий анхаарч ажиллах болно. Дорноговь аймгаас сонгогдсон гишүүний хувьд та бүхний саналыг байнга сонсож ажиллана. Ойрхон хугацаанд тогтмол уулздаг байя гэлээ.  

Х.Эрдэнэбулган  

Холбоотой мэдээ