ДОРНОГОВЬ: "Эвийн эгшиг" уртын дууны дугуйлангаар 300 гаруй шавь бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей, сургалт судалгааны төвийн үйл ажиллагааны нэг хэсэг нь соёлын биет бус өвийг хамгаалах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах, тэдний бүтээл туурвилыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх ажлыг зохион байгуулдаг.
Одоогоос арваад жилийн өмнө тус музейн дэргэд "Эвийн эгшиг" уртын дууны
дугуйлан долоо хоногт хоёр удаа тогтмол хичээллэж эхэлснээс хойш 10 жилийн хугацаанд 300
гаруй шавь төрүүлжээ. Уртын дуу болон ховордож мартагдсан аман зохиол, ерөөл
магтаал зэрэг нүүдэлчдийн ахуйгаас буй
болгосон соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид өвлөн авч хойч үедээ үлдээж
байна.
Өвлөн уламжлагчид нь уртын дуу болон ховордож мартагдсан аман зохиол, ерөөл магтаал, бусад хөгжмийн зэмсгийг хөгжимдөж дуулахаас гадна тухайн дууны түүх, онцлог шинж, өвийг өвлөж авах, дуулахдаа өмсөх монгол хувцсыг иж бүрэн, цэвэр цэмцгэр өмсөхөөс эхлэн олон зан заншлыг эзэмшдэг аж.
Ташрамд, ЮНЕСКО-гийн
төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн монгол ардын уртын дууны өвийг шавь
сургалтаар дамжуулан өвлүүлэн үлдээж буй “Эвийн эгшиг” дугуйлан болон багш
Ч.Цэрэндэжид, "Саран хөхөө" театрын уран бүтээлчид, өвлөн уламжлагч
МУГЖ Н.Лантуу, МУСТА морин хуурч Х.Болдбаатар гээд олон хүмүүс соёлын биет бус
өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд гар бие оролцож байна.