ДОРНОГОВЬ: Уран бичлэгийн дугуйлангийнхан ургац арвин байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-05-28 13:04:58

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол уран бичлэг бол монголчуудын бүтээсэн эртний их өв соёл, монгол хүний эрдэм мэдлэг, оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг юм.


Бийрээр бичих нь хүмүүсийн өдөр тутмын амьдралтай холбоотой төдийгүй урлаг, гоо сайхны боловсролыг байнга хөгжүүлж байдаг онцлогтой. Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын V сургууль монгол үндэсний бичгээ хойч үедээ өвлүүлэн үлдээх, монгол бичгийг хүүхэд багачуудад сургаж, үндэсний хэл соёлоо дэлгэрүүлэх зорилгоор уран бичлэгийн дугуйланг хичээллүүлж байна.

Уран бичлэгийн дугуйланг монгол хэл, уран зохиолын багш Э.Цэвэгсүрэн, Э.Хандсүрэн нар удирдан явуулдаг бөгөөд дугуйлангийн хүүхдүүд үндэсний бичгээ сурч мэдсэнээр сургууль болон аймгийн олимпиад, бүсийн тэмцээнд оролцож эхнээсээ амжилт үзүүлээд эхэлжээ.


Мөн үндэсний бичгийг шамдан сурснаар хүүхдүүд хэл соёлоо дээдэлсэн, эх орноороо бахархдаг бие хүн  болон төлөвшихөд чухал хувь нэмэртэй байдаг хэмээн Э.Хандсүрэн багш онцолсон юм. Уран бичлэгийг муутуу цаас болон даавуу зэрэг зөөлөн материал дээр ихэвчлэн бичдэг.


Эртний өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваа дугуйлангийн сурагчдаас Сайншанд сумын ерөнхий боловсролын III сургуулиас зохион байгуулсан “Дорнын сайхан бичигтэн-2024" хичээнгүй бичвэрийн уралдааны ахлах ангийн ангилалд 12а ангийн сурагч Чулуунбаярын Мичидмаа тэргүүн байрт, 11б ангийн сурагч Сугарсүрэнгийн Батцэцэг дэд байрт шалгарчээ.

Хэдхэн хоногийн өмнө болсон "Үндэсний бичиг үсгийн өдөр”-ийг тохиолдуулан Дорноговь аймгийн Насан туршийн суралцахуйн төвөөс зохион байгуулсан Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Жагдалын Лхагвагийн бүтээлээс бичих Уран бичвэрийн уралдааны багшийн төрөлд “Толгодын цаана ингэ буйлна” бүтээлээрээ монгол хэл, уран зохиолын багш Эрдэнэбаярын Цэвэгсүрэн тусгай байр, сурагчийн төрөлд 9в ангийн сурагч Гантулгын Мишээл “Ичгүүр” бүтээлээрээ тусгай байрт тус тус шалгарлаа.


Тус төвөөс зохион байгуулдаг үндэсний бичгийн уралдаанд тогтмол идэвхтэй оролцдог сурагчдыг анх удаа "Үндэсний бичиг соёлын өв тээгч сурагч" туузаар шагнав. Тухайлбал, 12а ангийн сурагч Чулуунбаярын Мичидмаа, 12а ангийн сурагч Чинзоригийн Урангоо, 11б ангийн сурагч Сугарсүрэнгийн Батцэцэг, 9в ангийн сурагч Чинзоригийн Ариунзаяа, 9в ангийн сурагч Гантулгын Мишээл, 9в ангийн сурагч Э.Нарансолонго нарыг шагнажээ.

Холбоотой мэдээ