Сүрьеэг шууд оношлох зөөврийн аппарат хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2024-05-24 15:28:06

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сүрьеэгийн тандалт, хяналт, илрүүлэг хийх хиймэл оюун ухааны технологид суурилсан, өндөр нягтралтай, зөөврийн рентген аппаратыг нийслэлийн өрхийн эмнэлгүүд болон аймгийн төвөөс алс сумдын эмнэлгүүдэд хүлээлгэн өглөө. 


Эдгээр зургаан аппаратын гурвыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Төв аймгийн Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвд, үлдэх гурвыг ХӨСҮТ-д хуваарилж нийслэлийн өрхийн эмнэлгүүд гэрээгээр ашиглах юм.


Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн санхүүжилтээр сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмж, халдвар тархалтыг багасгах, өвчтөнд тусламж үйлчилгээг ойртуулж, чирэгдэл, зардлыг багасгахын тулд дээрх аппаратуудыг өгснөөс гадна түүнийг ажиллуулах боловсон хүчнийг сургаж байна. Нэг рентген аппарат, хиймэл оюун ухааны программ, тоног төхөөрөмж нь 232,2 сая төгрөгийн үнэтэй. Рентген аппарат нь мобайл хэлбэрээр авсан зургаа хиймэл оюун ухаанаар  боловсруулж, уушгины үрэвсэлт болон сүрьеэ өвчнийг оношлох бөгөөд хөнгөн, авсаархан, угсарч суурилуулахад хялбар, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж юм.


Хөдөө орон нутагт өмнө нь, сүрьеэ өвчний шинж тэмдэг илэрсэн өвчтөнөөс шинжилгээ аваад аймаг руу, аймгаасаа нийслэл рүү илгээж оношилдог байв. Дижитал зөөврийн рентген аппаратыг улсын хэмжээнд үе шаттай нэвтрүүлж, одоогоор 33 нэгжид ашиглаж байна.



Түүнчлэн, нийслэл болон орон нутагт “Хаалганаас хаалганд” идэвхтэй илрүүлэг үзлэг хийх нэмэлт 6 багийг 2024 - 2026 онд шинээр байгуулна. Эдгээр баг нь сүрьеэгийн өвчлөл ихтэй баг, хорооны эмзэг бүлгийнхэн болон айл өрхүүдээр үзлэг, шинжилгээ хийх аж. Тус илрүүлэг үзлэгт хэрэглэх 1,3 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг зөөврийн дижитал рентген аппаратыг нийлүүлсэн юм.


Сүрьеэгийн идэвхтэй илрүүлгээр 2021 онд 80520 иргэнийг хамруулснаас 210, 2022 онд 79115 иргэнээс 527, өнгөрсөн онд 85177 иргэнээс 396 шинэ тохиолдлыг оношилж, эмчилгээнд хамруулжээ. ДЭМБ-аас манай улсыг сүрьеэгийн тархалт их 30 орны нэгээр зарласан. Тодруулбал, 100 мянган хүн амд тохиолдох сүрьеэгийн өвчлөл 452 буюу тархалт их байгаа тул энэ өвчнөөс сэргийлэхийн тулд орчин үеийн техник технологи нэвтрүүлэн шинэлэг арга барил руу шилжиж байгааг ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат мэдээлэв. 

Холбоотой мэдээ