Оюутолгойн экспорт 2018-2019 онд эдийн засгийг бага зэрэг сэргээнэ гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-10-05 14:01:24

Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд зогсонги байх төлөвтэй хэмээн мэдээллээ.

Тус банкны гаргасан төлөв байдлаар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын үр дүнд 2018-2019 онд эдийн засаг бага зэрэг сэргэнэ гэжээ. Дунд хугацаанд өсөлтийн хурдац уул уурхайн үйлдвэрлэлийн сэргэлт, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтаар дэмжигдэнэ. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийн сааралтын улмаас ядуурал нэмэгдэж доройтож болзошгүйг анхаарууллаа.

Оны эхний 7 сард төсвийн зардал жилийн 33 хувиар өсч, төсвийн алдагдал огцом болсныг онцлов.

Төсвийн гадуурх зардал, орлогын тасалдал  нь  алдагдлыг огцом өсгөхөд хүргэжээ. Хэрэв Засгийн газар шаардлагатай арга хэмжээ авахгүй бол Дэлхийн банкны төсөөллөөр 2016 оны эцэст төсвийн алдагдал ДНБ-ийн 18 хувийг давахаар байгаа аж. Улмаар Засгийн газрын өрийн өнөөгийн түвшин үргэлжилбэл баталгаатай бонд оруулж тооцсон  өрийн ДНБ-д эзлэх хувь 90 хувийг давна хэмээн Дэлхийн банкны эдийн засагчид тодотголоо. Мөн эдийн засгийн өсөлт саарахтай зэрэгцэн төсөв, мөнгөний сул бодлого хэрэгжүүлснээр макро эдийн засгийн нөхцөл байдал оны эхний хагаст муудсан, Төвбанк төсвийн гадуурх зарлагыг санхүүжүүлснээр төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээ эрс нэмэгдэж, төгрөгийн ханшид нэмэлт дарамт болсон хэмээн дүгнэжээ. Харин өсөн нэмэгдэж буй төсвийн эрсдлийг удирдах зорилготой Засгийн газрын авч  буй сүүлийн арга хэмжээг Дэлхийн банк дэмжиж байгаагаа илэрхийллээ. Гэвч өсөн нэмэгдэж буй төсвийн болон гадаад секторын эрсдлийг бууруулахад төсөв, мөнгөний нэмэлт дорвитой бодлогын тохиргоо шаардлагатай гэдгийг сануулж байна.

Төвбанк бодлогын хүүгээ өсгөсөн нь зөв үү гэсэн асуултад Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч ноён Тайхюн Ли хариулахдаа, "Валютын ханшийн хэлбэлзлийг бууруулахад дэмжлэг болсон. Гэхдээ төсвийн зардал нь үргэлжилж, Төвбанкны санхүүгийн үүсвэр, дэмжлэгээс хамаарсан хэвээр байвал, мөнгөний хумих бодлогын үр нөлөө суларна" гэдгийг анхаарууллаа.  

Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон хэлэхдээ, “Төсвийн гадуурх зардлуудыг оруулж тооцсон төсвийн нөхцөл байдлын талаарх танилцуулга нь итгэл төрүүлэхүйц нэгдмэл төсвийн бодлого хэрэгжүүлэхэд чухал алхам болсон. Гэхдээ төсвийн алдагдал болон Засгийн газрын  өр нэмэгдэж байгаа нь төсвийн тогтвортой байдлыг бий болгоход цаашид зохих арга авч хэрэгжүүлэх шаардлагатайг илтгэж байна. Төсвийн бодлогод тохиргоо хийх хугацаанд бага, дунд орлоготой иргэдийг хамгаалахад анхаарах хэрэгтэй.  Одоогийн нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг ядуу иргэдэд илүүтэй чиглүүлж, сайжруулах замаар нийгмийн хамгааллын системийг үр дүнтэй болгох боломжтой” гэлээ.

Мөн Дэлхийн банк уул, уурхайн бүтээгдэхүүний экспортын бууралт, ихээхэн хэмжээний гадаад зээлийн эргэн төлөлт нь 2017 онд төлбөрийн тэнцэл болон төсөвт нэмэлт дарамт учруулахаар байгааг онцоллоо. Төсөв болон макро эдийн засгийн зохистой бодлого хэрэгжүүлбэл дээрх дарамтыг бууруулах боломжтой юм байна.

 Б.Заяа

 Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ