Мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгоход чиглэсэн хуулийн төслийг хэлэлцүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
uranatuya@gmail.com
2024-04-12 16:50:10

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.


Засгийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ын Тогтвортой хөдөө аж ахуйн талаарх зорилтод, “Хөдөө аж ахуй байгальд ээлтэй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ” гэсэн агуулга дэвшүүлсэн. Үүний хүрээнд нүүдлийн уламжлалт өв соёлыг хадгалсан, экологид ээлтэй, органик мал аж ахуйг тогтвортой эрхлэх, хөдөө аж ахуйн эрчимжсэн үйлдвэрлэлийг төрөлжүүлж, кластер, логистик, санхүүгийн түрээсийн үйлчилгээг хөгжүүлж төлөвшүүлэхээр зорьж буй. Мөн хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдгээрийг тогтвор суурьшилтай ажиллаж ая тухтай амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлж, зарим нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүний импортыг халж, экспортыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг 2030 он хүртэл авч хэрэгжүүлэхээр зорьсныг онцлов.


Мал аж ахуйн салбар бол дотоодын нийт бүтээгдэхүүний 10.5 хувь, ажиллах хүчний 21.6 хувийг бүрдүүлж байгаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал цаашдын хөгжилд чухал үүрэгтэй салбар. Гэвч дэлхийн дулаарлаас үүдэн сүүлийн 80 жилд агаарын жилийн дундаж температур 2.36 градусаар нэмэгдэж, хур тунадасны хэмжээ 7 хувиар буурч, 3-4 жил тутамд ган, зуд тохиож байгаа нь мал аж ахуйн салбарт томоохон сорилт хүндрэлийг бий болгож байна. Сүүлийн 70 гаруй жилд манай оронд 13 удаагийн зудын улмаас нийт 45 сая толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд 2010 онд нийт малын 22 хувь нь хорогдож 8.6 мянган малчин өрх малгүй болж байсан. Энэ онд өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 6.3 сая мал хорогдоод байна. Малынхаа 70 хувийг алдсан 1521 өрх, 88 хувийг алдсан 732 өрх, 90 хувийг алдсан 326 өрх, огт малгүй болсон 380 өрх байна. Иймд гамшгийн эрсдэл, бодитой бий болсон нөхцөл байдал, гамшигт өртсөн малчдын  амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай байгааг харгалзан дээрх хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.


Хуулийн төслөөр мал аж ахуйн салбарыг уур амьсгалын салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох, эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлжээ. Түүнчлэн малчид амьжиргаагаа дээшлүүлэх, нийтлэг хэрэгцээгээ хангах, мал аж ахуйн бүтээгдэхүүний эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд сайн дураар хамтрах, хоршоонд нэгдэх санаачилгыг дэмжих замаар тус салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгасан байна.

 

Мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, малчны хоршоонд нэгдсэн малчдад Зээлийн батлан даалтын сан 100 хүртэлх хувийн баталгаа гаргаж, арилжааны банкны эх үүсвэрээр зээл олгох, малчны анхан шатны болон дундын хоршооны загварыг бүс нутгийн онцлогт нийцүүлэн тодорхойлох, малын тэжээл, таримал ургамлаа өөрсдөө тарих боломжийг бүрдүүлэх, төрийн дэмжлэгт хамрагдсан малчны хүлээх үүргийн талаар төсөлд тусгасныг дурдсан юм.

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь  хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн  байна.

Улсын Их Хурлын зарим гишүүд, хуулийн төслийн бодит үр нөлөө юу байхыг лавлахын зэрэгцээ, иргэд малчидтай уулзахад, залуу малчдын халаа тасарч буй болон малын түүхий эдийн үнийг өсгөх, махны экспортыг нэмэгдүүлэх, ченжээр дамжсан махны худалдааг зогсоох, малчдын зээлийн асуудалд төрөөс дэмжлэг үзүүлэхэд Засгийн газрын зүгээс арга хэмжээ авах эсэхийг асууж буйг уламжлав.


Үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, 2024 оны зудыг өмнөх жилүүдтэй харьцуулахад цас ихтэй, хүйний эрч нэмэгдсэн нь ихээхэн хүндрэл дагуулаад байна. Онцгой байдлын ерөнхий газрын урьдчилсан үнэлгээ, олон улсын байгууллагуудын дүгнэлтээр энэ жил 16-18 сая мал хорогдох эрсдэлтэй гэж үзсэн. Ийм учраас Засгийн газраас 2024 оны нэгдүгээр сараас эхлэн малчдын тулгамдсан асуудалд дэмжлэг туслалцаа үзүүлж, малын хорогдлыг бууруулах арга хэмжээг авч ажиллаж байна. Мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох, гамшгийн эрсдэл, бодитой бий болсон нөхцөл байдалд цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай тул хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан. Энэ хүрээнд залуу малчдын халааг бэлтгэх, малын түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, махны борлуулалтыг сайжруулж, ченжийн тогтолцоог халах, мал эмнэлэг, малын эмчийн тогтолцоог бодитой бий болгох асуудалд тодорхой хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж ажиллах шаардлагатай байгаа юм. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар дээрх хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломж нээгдэнэ гэж хариулсан юм.

 

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, хуулийн төсөл батлагдаж, малчид хоршоонд нэгдсэнээр орон нутагтаа ногоон тэжээлээ тарьдаг болох боломж илүүтэй бүрдэхийг дурдав. Мөн “Монгол Улс мах экспортлоход олон улсын шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа. Иймд малын махаа 80 хэмд чанах байдлаар БНХАУ-д 3.5-4 ам.долларын өртөгтэй экспортолж байгаа нь үнийн хувьд хямд байна. Гэтэл олон улсын чанарын шаардлага хангасан, эрүүл мах экспортолбол 6-8 ам.долларын дундаж үнээр худалдана. Иймд салбарын яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран мал эмнэлгийн дэглэм бүхий  эрүүл бүс, тусгаарлагдсан  аж ахуй байгуулах Засгийн газрын тогтоолын дагуу ажиллаж байна. Энэ нь малчдын малын махны үнийг өсгөх, орлогыг нэмэгдүүлэх, экспортыг сайжруулахын гол үндэс юм” гэсэн нэмэлт тайлбарыг хийлээ.


Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

 

Холбоотой мэдээ