Баянзүрх хайрхны бараа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
elbeg_b2004@yahoo.com
2024-04-08 13:49:36

-Удам дамжсан аварга тэмээчний хөрөг-

 

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Тэнгэрийн өнгөт, модон махбодот луу жилийн цагаан сарын шинийн хоёрон. Дээр цэмцийх хөхрөгч огторгуйн хаяа хярхагт бөртийх ч үүлний оргүй тунгалаг, тэнэгэр өдрийг бэлэглэжээ. “Шинэ сарыг шинийн хоёрноор нь” шинждэг ардын ёсон буй бүлгээ. Ус нутгийн уул толгод өвч цасан хүрэм давхарлан нөмөрчээ. Бүсний цацаг, хурган дээлний заамны үс сэвэгнэх төдий салхи үл мэдэгхэн илбэнэ. Өөдөөс эгц төөнөх цагаахан наран илч эрчим сааруу ч шил бүхээг нэвтлэн тод гэгч нь ээнэ. Дүү бид хоёр сумаас гарч, тэх суусрын идээшгэл баймаар Залаажинст, Түшмэл хайрхны ар шилээр давж Сүвтийн сүрдэм асга байцат хөндийг уруудан говийг зорьж, уулзалгүй удсан улсын яриагаар элдэв дурсамжийн сэжим сэдэвлэн нэгэн үе дүнгэр дүнгэр хийж, нөгөө үе яачив гэмээр чимээ имээгүй өмнөх замаан нэхэж явнам.

Сумын говь гэдэг бол наанадаж жар далан бээрийн зайтай. Төдөлгүй бэл руу тонгойж, даан удалгүй талын замд орлоо. Луу жилийн босгонд орсон нутгийн цас хяр говьгүй нэлэнхүйдээн нөмөрснийг тэртээ баруунд, тэнгэрийн хаяатай нийлэн мэлцийж буй дун цагаан тал мэдрүүлнэ. Баруун доод говийн тэхий дунд Баянзүрх хайрхан тэмээний бөх шиг дундуураан нахийгаад содон сондгой харагдана. Зүүн урд руу нь нутаг орны шүтлэг тахилгатай ихэр хоёр Бор хайрхан уул огторгуй хязгаарлан гялбалзана. Бид тэдгээрийн дунд чигийг барин, Зандан даргын гаргасан замаар, Майхан уулын хойд арыг зүглэн довтолгож байлаа. Зорьж бүхий айлынхыг улсын аварга малчин С.Бямбасүрэнгийнх гэдэг. За тэгээд, манай нутагт Бямбасүрэн аваргынх гэвэл таних мэдэх хүн бараг байхгүй дээ... Андахгүй хүнгүй билээ гэх гээд ташаарав уу. Нээрээн шүү... Яагаад вэ. Сум нутгийнхандаан ч танигдаагүй хүн улсын аваргын хэргэм алдар хүртсэн хэрэг үү. ...Хэсэгхэн азнаад эл сэдвийг үргэлжлүүлюү.

Тал туулаад зам ааргийн зах өөд яльгүй урагш даялсхийн өгсүүрлэв. Тэгснээн дахиад уруудлаа. Энд Элсэн худаг гэж буй. Загийн худаг гэж бий. Хойд руу нь Сухайн худаг бас байдаг. Элсэн худаг, Загийн худаг, Энхлэг, Төгрөг, Дугуй заг, цаад баруунд нь бас Хоолойн худаг... Эд бол нөгөөх албан ёсны алдраар нь бол нутгийнхан нь ч эс таних, бидний зорьж яваа тэмээчин аваргын аав, аймгийн аварга малчин, тэмээний аймгийн алдарт уяач Б. Сосорбарам гуайнхны идээшгэл өөжин нутаг. Бид бас Гүн худгийн хөндий уруудан, Хажуу худгийн хойд араар бэл тал руу дөтөлснийг хэлээд яанам. Мөн л Сосорбарам гэхэд энэ цагийнхан байтугай бидний хүүхэд үеийнхэн ч сайн багцаалж үл чадна. Нэгдлийн тэмээчин Сосорынх гэвэл тэр үеийн хүн хар байтугай тэсэг шаваг, тэмээ мал нь ч үл андах тийм л нэрээр хэвшчихсэн байдаг сан.

Төлдөрхөн Их Хурлын даргын цувааныхны гаргасан, тэмээнээс тэмдэгтэй тод зам хөөсөөр Дугуй загт өвөлжиж буй аваргынд төдхөнөө тулж, дөрөө мултлав. Хойд гэрээс гарч ирсэн багахан охин бидэнд баруун урд талын гоёмсог гэрийг зааж, түүнд орохыг урив. Удалгүй багын танил, гэрийн эзэн бээр орж ирээд золгохоор зэхэн дээл хувцсаан өмсөж эхлэв. Шинэхэн аваргын шагналын улаан халзат өргөө эл хот айлын баруун урдханд дүнхийх нь хээ хуар, өнгө тоног илт ялгарах хийгээд бүрээсэнд нь ис тоос ч сууж амжаагүй шахам ажээ. Эргэн тойрон өлзий утас, алхан хээгээр чимэглэсэн танан цагаан бүрээстэй, таван ханатай энэ өргөөнд сая тугаархан буюу цагаан сарын урдхан Их Хурлын дарга зочилж ирээд, төллөх ингэ мал шиг нь жил өнжин дуншиж байж сая ирсэн улсын аварга малчны хүндэт алдрыг нь гардуулаад явсан байлаа.




Гэрийн дотоод тахил тавилга, зэхэл зүүсгэлийг үндсэндээ алдрын медаль, аваргын батламж, хурдан буянуудынх нь хөхиүлэл урамшуулал, айраг түрүү хүртсэн түүхэн үйл явдлын гэрч баримт, гэрэл зураг сэлтээр өвч бүрдүүлжээ. Тэдгээрийн дотор “Монголын радио, алтан төл. 2017 он” гэж бичээд “араажав”-ын дүрс товойлгон сийлсэн хаш чулуун цом нүднээ содон тусаж байв. Цомын дээд оройн бяцхан тавцан дээр үнэт төмөрлөгөөр хөөрхөн ботго зогсоо байдлаар урлажээ. Энэ баримт, бараг дөчин жил тэмээ маллаж яваа аварга С.Бямбасүрэнгийн алдрын зам замнал алгам зугуухнаа өгсүүрлэж, шат дарааллын дагуу дөтөлж дөхсөөр өнөөдрийнхөд хүрснийг гэрчилнэм бус уу. Монголын радиогийн “Алтан төлийн эзэн” шагнал бол зохих ёсны шалгуур шүүлтүүр томтой, чанартай тоотой хүртээдэг, тиймдээн аварга малчны өндөр босго хэмээн хөдөө аж ахуйнхан хэлэлцдэг нь үнэний жин дарна. Манай Чимэлээ “Алтан ботгоны эзэн” хэмээх говь сайхан нутгийнхаан ховор нандин алдрыг нэгэн мянга есөн зуун наян дөрөвдүгээр оноос хойш дөрвөн арван жил улирсны хойно, БНМАУ-ын аварга тэмээчин Сурмаажавын Галдан агсны дараагаар сум нутагтаан залан авчирсан хоёр дахь тэмээчин болсон ажээ. Малчин хүнээс малынх нь тоог асуух, ил хэлэх зэрэг нь тэдэнд таатай зүйл хараахан биш байдаг. Юутай ч, мянга нэг зуу гаруй мал тоолуулсанд талархаж сум нутгийн захиргаанаас 2024 онд олгосон “Мянгат малчин өрх”-ийн гэрчилгээ шинэ өргөөний хоймор залаастай байлаа. 2023 онд ч бас мянга гаруй мал тоолуулжээ. Занданшатар даргын гардуулсан, хөдөө аж ахуйн сайдын гарын үсэгтэй “Улсын аварга малчин”-ы улаан гадартай үнэмлэх тэмдэг, таван хошуу малын дүрс бүхий төрийн хуучин сүлдтэй цом, ерөнхий сайдын мутрын тэмдэг бүхүй өргөмжлөл, улаан пансан дээр алтан шараар хатгамалласан улсын аварга малчны улаан тууз сэлтийг эгнүүлэн өрж залжээ. Харин дорхинтой шүтээн бурхныхаан өмнө “Аймгийн хөдөлмөрийн аварга”-ын тууз энгэртээн зүүсэн аварга тэмээчин, алдарт уяач аавынхаан хөргийг хүндэтгэлтэйгээр залж, арц анхи, зул хүж өргөжээ.

Гэрийн чанх баруун талд, тэрүүхэндээн огцом өндөр, сүрхий эгц сэрвэн дэл хадтай шовгор уул салхины хаац болон хаяа нийлэн дүнхийж байдаг. Цаг бага ч хэд алхаад энэ уулын цээжинд гарч, хавь орчны байгалийг нүдний хараа хүрэх хэмжээгээр тоймлож, хот айлын байр байдлыг ажиж амжив. Хойд Бор хайрхан тэрүүхэн баруун урд гурвалжлан цасан хүрэмтэй духайх нь өвлийн тэмээний бэлчээрийн хэрийн зайтай бололтой. Урд бор хайрхан харин Дугуй заг буюу тэмээчин аваргын гэрийн гаднаас ил бус юмсанжээ. Эднийх бог малаан хайрхны ойролцоо, тэмээ малын бэлчээрээс зайдуухан хотлуулж байгаа гэсэн. Тэрүүхэн хойно, ингэ малынх нь болов уу гэмээр дулаан бууц цав цагаан нөмрөгтэй толгод дунд бараантан цэмцийх нь өег нөмөртэй болов уу гэмээр. Түүний хойно хоёр тэмээ уяатай харагдана. Цас нь зузаан бус боловч шуураагүй учир битүү манхайж байх аж. Сүүлийн үес манай говь нутагт цас төдийлөн унахгүй олон жилийн нүүр үзэж буй. Өнөө жил харин цасан цайдам хараа цуцааж, нүд гялбуулан гялтаганаж буй нь өнтэй өег зун айлчлахын нигуур буян даллан байнам уу даа...

Тэнгэрийн амьтан тэмээ хэмээгдэх энэ урт хөлийн, уудам бэлчээрийн, өндөр малыг гардаж өсгөнө, өвөл зунгүй, өнтэйд ч, гантайд ч хариулж маллана, ботго бойжуулна, эмнэг догшингүй ээл номхон эзэн хүний гарын аясаар мал болгоно, сүү саалийг нь ашиглаж арвилна гэдэг ярихад амархан ч хийхэд яггүй бэрх ажил гэдгийг малчны хүүхэд бид багахан гадарлана. Тумай ингэ ботголох, ботго нь эсэн хэвийн гарах, торних амаргүй гэлцдэг. Ингэ бэрхтэх хэмээх бэрхшээл тэмээчдэд маань тохиолдож байдаг л гэдэг. Энэ мэтийг бид бараг үзээгүй буюу барагтай мэднэ. Тэмээ гэдэг амьтан, айвуу амгалан адгуус шиг харагдавч багаас нь барьж тавьж гарын дор мал болгохгүй бол эл элчилгүй говийнхоон хараа үл гүйцэм алсад бараг зэрлэг амьтан болоод хувирчих ч магадтай. Тээр жил, “Сэгс цагаан богд” найраглалын эх дүр, тэмээчин бүсгүй, алдарт Надмидын Сүхбат агсантай гэрт нь ярилцаж байхдаан, эмэгтэй хүн тэмээ маллах гэдэг зарим хүнд төсөөлшгүй санагдаж болох, наад зах нь эмнэгийг нь сургах, унагаж хүлж ноослох, номхруулах хүнд ажлыг яаж шүү нугалдаг тухай сонирхоход тэрбээр бүх тэмээгээн ботгонд нь буюу барьж тавихад гарын дор нялх багаас нь маш сайн номхруулж авдаг тухай өгүүлж байж билээ. Энэ мэтээр тэмээчин бүрийн арга туршлага, арчилгаа маллагаа ондоо ондоо. Залаажинст нутгаас маань дээрхэн нэр дурдсан БНМАУ-ын аварга тэмээчин, “Алтан ботго”-ны эзэн Сурмаажавын Галдан, БНМАУ-ын аварга малчин, тэмээчин, намын 19-р их хурлын төлөөлөгч Пүрэвдоогийн Гомбо, Цэвэгжавын Хорол, Цэдэндоржийн Гантөмөр нарын зэрэг улсын аварга тэмээчид төрөн гарсан юм. Тэднийхээн замналыг залгаж, алдрын бууриаг үргэлжлүүлж манай Чимэлээ хорин нэгдүгээр зууны анхны аварга тэмээчин боллоо. Зүй ёсны бахархал, удам дамжсан малч ажиллагааны үр шим юм даа.


Чимэлээ аваргынх дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн айл юм. Том хүү нь цэргийн алба хаагаад ирчихсэн байна. Эхнэр нь манай дунд сургуулийн ангийн андын төрсөн дүү гэдгийг хот оронд суудгийн хувьд хэзээ хойно сая гэрт нь ирээд л мэдэв. Том хүүгийн нэрийг Сумьабазар гэдэг гэнэ. Удаах, бүстэй дүүг нь Сугар гэнэ. Сугараа хүү саяхан, цагаан сарын өмнө Их Хурлын дарга гэрт нь морилон ирэхэд тэмээгээн унуулж үзүүлэн, тэмээ маллахын сайхнаас түүнтэй хоромхон хөөрөлдөж зогссоныг монголчууд цахим дэлгэцээр харсан байх. Тэрбээр сумандаан болсон бүсийн тэмцээний үеэр хүүхдийн барилдаанд өөрөөсөөн том товир биетэй өрсөлдөгчдийг ээлж дараагаар өвдөг шороодуулсаар түрүүлсэн удаатай гэнэ. Хүн хүлэг хоёр удам татаж барилдаж, хурдалдаг нь байгалийн хууль билээ. Сугараагийн өндөр өвөө нь манай нутгийн нэрт бөх, сумын арслан /Уг нь сумын заан боловч тухайн үед сумын арслан гэдэг цол өгч байсан гэдэг. Б.Э/ Пагмын Цэрэнхүү гэж ахмад үеийн алдарт бөх байв. Бөх хүн эх талаан татаж удамшдаг гэдэг болохоор Сугараа ч, аваргатай амьдай Сумъяаг ч барилдах бүрэн үндэстэй гэж нутаг орныхон хэлэлцдэг байна.

Одоо би дээр дутуу үлдээсэн, аваргын нэрийн тухай сэдвээн багахан тодчилсу. Бид бол хүүхэд байхаасаан Чимэлээ л гэдэг юм. Сум орондоон бүр энэ нэрээр хэвшчихсэн. Тиймээс олон жил үзэж харалгүй хадгалсан төрсний гэрчилгээгээн нэг гаргаад үзэхэд нь Бямбасүрэн гэсэн шал өмнөө нэр дурайж байсан байж ч болох. Аав ээж нь хүүхдээн багын өхөөрдөл нэрээр нь дуудаж заншаад, тэр нь нутаг орныхонд ч хэвшиж түгээмэлжээд, энэ сацуу албан дансны нэр нь орхигдож мартагдсан тохиолдол хөдөө нутагт лав цөөнгүй. Тиймээс л манай Чимэлээ сүүлийн үес Бямбасүрэн гээд хэн ч “танихгүй” алдартай болчихсон байна. Нэр өөрчлөгдсөн тухай сэдэв бидний дунд зуурхан боловч өрнөөд өнгөрлөө. Хамгийн адармаатай нь, арав гаруйхан настайгаасаан хөдөө гарч, аав ээж, дүү нарынхаан хамт тэмээ маллаж эхэлсэн түүний тэр үеийн хурдан тэмээгээн айраг түрүүнд давхиулсан, мал буянаан өсгөж арвижуулсны гэрчилгээ, батламж, сум, аймгийн сайн малчин, аварга манлай хүртсэн тухайт цөөнгүй баримт бичигт нь алдрай багынх нь Чимэлээ хэмээх нэр нь дурайж байхаас бус өнөөдрийн Бямбасүрэн гэж ерөөс байхгүй учир тухайн тэрхүү баримтууд эдүгээ албан ёсных бус маягтай болоод байгаа тухай шинэхэн аварга хоймроон хуучлах зуур өгүүлсэн юм. Өрх гэрийн эзэн төрөлхийн цөөн буурай үгтэй ч гэлээ усны тухай сэдвийг тэрбээр бас хөндөөд орхилоо. Хөрөнгө зардлыг нь гаргаж, энэ Дугуй загийнхаан хажууд бараг зуугаад метр ухуулсан хэр нь гарсан гүний худаг нь ишиг хурганы ангаа тайлах төдий устай гэнэм. Говийн ус хөрсөндөөн улам л шигж шингээд, баялаг үүцийг нь малтах тусам улам дундран доошилсоор байгаа ажгуу...

Чимэлээ маань удам дамжсан тэмээчин гэдгийг дээр өгүүлсэн. Түүний аав Балтгарын Сосорбарам гуай аймгийн аварга малчин, басхүү хурдан тэмээгээр сум орондоон анхлан “Аймгийн алдарт уяач”-ийн эрхэм цолыг залж авчирсан нэртэй уяач хүн байсан билээ. Сосор ах тувт унаа л унана. Машин мотоцикль хэрэглэж насандаан үзээгүй, жинхэнэ малч, ажилсаг говийн хүн явсан. Тэмээ малаан зөвхөн уяж хурдлуулахын тулд бус, хол ойрын аяныг туулах байнгын хэрэгцээнийхээн үүднээс ч зөв сайхан сойж живхрүүлж, сайн ачиж эдэлж, элээж цагаашруулж, хатуужил тэсвэр суулгаж чаддаг эрдэмтэй хүн байжээ. Манай нутагт бүр нэгдэл нийгмийн үеэс бэсрэг хэмээх хурдан тэмээ үе дамжин буй болсон юм. Зэрлэг хавтгай монгол тэмээний дундаас гарсан эрлийз гэсэн үг л дээ. Сосорын хөх хэмээх хурдан бэсрэг тэмээ хорь, хорин нэгдүгээр зууны зааг үеэр, эдний ботгоор нь өсгөсөн мал буяны дундаас цойлж цолгорч гарч ирсэн бөгөөд уралдсан бүх цаг үеийнхээн турш урдаан бурантагтай буян гаргаж үзээгүйгээрээн үлэмж алдартай. Түүнийх нь гэрч батламжууд Чимэлээгийн гэр өргөөний хойморт дүүрэн байнам. Эднийх “төмөр голт” гэдэг, нүүхэд туугаад, “чирээд” ч явдаггүй, нүдээр олзлом ингэтэй байсан гэдэг. Элстэй загтай хоолойд л ганцаараан ч хамаагүй хаягдаад, үл тоогдоод үлддэг тийм л мал байж. Түүн дээр нэг удаа, бэлчээр дээр нь хавтгайн буур хэмээх тэнгэрийн ханагар амьтан ирж ижил дасал болсноос алдарт хурдан хөх тэмээ нь гарсан учиртай ажээ. Хавтгайн удамт тэмээн сүрэг минь ийнхүү эдүгээ ч бэлчээр нутаг залган идээшилж, удам гарал нь чанаржиж, эзгүй говийн байгалийн эзэн нь гэдгээн харуулан өсөж үржихийн сацуу малчин эзэндээн өгөөж буянаан хайрласаар байдаг билээ. Энэ сайхан хурдан буянаан Сосор ах бээр 2000 онд, тухайн цагийн монгол төрийн тэргүүн Н.Багабандийг сум орондоон анх удаа зочлон ирэхэд нь бэлэг болгон барьсан юм билээ.




Нэгэн түүх сөхөхөд, үүнийг бичигч бээр аравдугаар анги төгссөн жилээн их сургуулийн оюутан болж чадалгүй хөдөө гарч жил тойрон мал малласан удаатай. Яг тэр үетэй давхцан манай Шинэжинст сумын “Дэлгэрэх” нэгдэл гишүүдийнхээн саналаар тарж, малчид цөм ардын аж ахуйтан болохоор болсон юм. Малчдад таван төрлийн малыг нь тодорхой журмаар хувьчилж өгсөн. Манайх гэхэд ам бүлийнхээн тоогоор нийт гуч гаруй тэмээ хувьцаанд авахаар болсон бөгөөд сүрэг залах тэмээчнийх нь өнөөгийн улсын аварга малчин Чимэлээгийн аав Сосор ахынх байсан билээ. Аав бид хоёр намрын налгар сайхан цаг, тарган морьдоон унаж эднийхээс уул хангай шиг ханагар сайхан тарган тэмээдийг нь энэ л Загийн худаг хэмээх заяаж дассан нутгаас нь Зээрэнгийн уудам талыг туулуулан Нүдэнгийн ихэртээн залж авчирч байсан билээ. Тэмээтэй айлуудад бас өмч хувьчлалаар ямаан сүрэг цөөнгүй оногдсон бөгөөд мөнөөхөн Сосор ах ч манайхаас ирж нэгдлийн ямаан сүргээс өөрийн хувь өмчөөн хариу залж гилж аваачсэн гэрэлт сайхан түүх бас тэр намар бичигдсэн байдаг. Арав төгсөөд хөдөө гарсан тэр жил Сосор ахын, манай, одоо энэ Чимэлээгийн хадам Олгойхүү ахын, Маамуу ахын гэх мэт хэдэн айл нийлж, хөгшин залуу хэсэг улс шуугилдан Зээрэнгийн хойд усан дээр эсгий хийсэн билээ. Нэг өдөр Сосор ах, хариултны эсгий татах болох үед хамар нь хүрхэрсэн эмнэг шахуу хоёр амбан ат эсгий таталганд оруулж ирлээ. Эсгийнд явуулж сургах гэж байгаа юм гэнэ. Тэд нь ширэнд боолттой нойтон лагс юмыг хараад бараг үргэж дутаах нь холгүй байв. Тэгээд хорин нас дүүрч бүхий намайг нэг атыг нь мордоод эсгий татах тушаал буулгав. Нөгөө атыг нь хэн мордсоныг одоо мартаж, бараг энэ Чимэлээ ч байсан байж магад. Хариултны эсгийг чирж гулдчин ойртуулаад, ожуугаар гогцоолдон холбоод хөдлөв үү үгүй юү л уул овоо шиг хоёр тарган ат туйлж гарлаа. Эсгий ч удалгүй тэмээтэй биднээс салж үлдэв. Чөлөөтэй болсон тэр үедээн миний мордсон тэмээ улам хүчтэй туйлан бухаж эхлэн агшнаа үүнийг бичигч бяцхан самбаа гаргаж чадсан бололтой, тэмээний буруу талын хааны тушаа ойж газардахдаан азаар хоёр хөл дээрээн босоо буучихсан юм. Болсон явдлыг дэргэдээс нь харсан эсгийчид надаар бахдаж, баярлаж байсан билээ. Аав бид хоёр ингэж эсгий хийсэн нэг түүхтэй бөгөөд гэртээн ирээд ээжид, миний тухай сонирхуулан ярьж байсан нь санаанд хадагдан үлдсэн буй.

Ямаагаан, тэмээгээн хариулж, хоттой буяныхаан сүрэг малыг солилцож, нэгдэл нийгмийнхээн өмч хөрөнгийг өсгөлцөж, хэдэн хүүхдээн мал малын зах, ажлын дөртэй, хүмүүний ёстой төртэй болгож өсгөж хүмүүжүүлж, олонтойгоон л явцгаасан бидний аавууд ийм л гэмгүй сайхан нөхөрлөсөн, эгэл жирийн малчин ардууд. Өнөөдөр өвөг дээдэс маань эзгүй ч үрс хойчис нь тэр л түүхийг нь түүхэлж, заяа буяныг нь залгаж залгамжилсаар авай. Хүүхэд, дүү нарын үед ч энэ л уламжлал, анд нөхдийн журамт сайхан ёс зүй үргэлжилсээр бүхийд сэтгэл өег явдаг. Аварга алдартан болсонд нь гэхээсээн илүүтэй үүнийг л бодож, он удтал уулзаагүй холын дурсамжийг нэг удаа ч болов айлсуулахын учирт, цагийн давчууд баригдах мөртлөөн цагаан сарын бэлгэтэй цагаар говийг зориуд зорьж, Чимэлээгийндээн дөрөө мултлахын учир үүнд байлаа.

Өнгөрсөн жил, “Үзэсгэлэн болгогч” усан туулай жилийн босгонд, Чимэлээ аварга сум орноосоон тодорхойлогдон, аймгаасаан ч мөн л өндөр үнэлгээтэйгээр улсын аварга малчны болзолд шалгарч Засгийн газар, салбарын яамны шат руу саадгүй илгээгдсэн ажиг сураг сонсдож байсан. Гэтэл дээд газарт ирээд, яагаад ч юм түүний аваргын алдар хойшлогдсон санаанд оромгүй явдал тохиолджээ. Манай малчин түмэн яах вэ, хийж бүтээсэн бүхэн нь түмний нүднээ ил, үнэн мөн нь байгаа хойно, ямар алдар нэрийн төлөөнөө мал буянаан дагаж явдаггүй хойно, тэнгэрийн хаяаны энэ цэнхэрлэг хязгаартаан тэмээ малаан гилэн эргүүлж, тэнгэр хангайгаан ажиглан шүтэж түшсээр явтал нэг л мэдэхэд жилийн нүүр үзэж, дараагийн цагаан сар хаяанд буужээ. Өнөө жил харин Их Хурлын дарга зориуд зорьж гэрт нь ирж, жил өнжиж ирсэн зүй ёсны аварга цолыг нь биечлэн гардуулсан явдал хүндлэл бахархал төдийгүй нэг ёсны уучлалт эрсэн хэрэг болсон шиг...

Ингэ малынхаан сүү лүгээ адил, түүнд загссан өрөм мэт дун цагаан цаст их говь, тийм сэтгэлийн өнгөт тэмээчний хороо хот, тэмээний орон ард үлдэж бид эргээд сумын төвийг зорих боллоо. Унаа хөсөгтөөн дөрөөлөхөөр хандаж байтал гэрийн эзэн эзэгтэй хоёр, хоромхон хүлээхийг гуйж байна. Зуурхан саатаад эргэж харвал, түрүүхэн сонирхож, мордож унаж үзсэн тохоштой бор атаа Чимэлээ аварга хөтөлж ирээд бурантаг юуг нь атгуулдаг байна. Хань нь шинэхэн хөх хадаг зэхээд хажууд нь зогсжээ. Ямар Их Хурлын дарга биш, гишүүн ч биш, жирийн зочин болохоор энэ явдалд ичих мэт болов. Тэнгэрийн өнгөт шинэхэн хадгийг хүзүүнд нь уяж ёслоод, энэ сайхан атаа унаж мал буянаан гилж явахыг ерөөгөөд хөдөллөө. Өмнөд, хойд хоёр бор хайрхан тэрүүхэн баруун урдад цагаан нөмрөгтэй суваргалан сод соньхон гялбалзан үдэж, өндийж байнам. Цасан чимэгтэй уулсаараан бахархаж нэгэнтээ уужирлаа. Чимэлээ аварга бээр бас яг энэ цаст цагаан уул шигээн хас зүсмийн ат унаж, энд тэнд гоёж яваа харагддаг. Сайн хөлөг, сайхан унаа эрийн чимэг, малчин удмын хийморь сүлд билээ. Тэмээчин хүний хувьд гэмээ нь тийм эрдэнэ нь тэнгэрийн амьтан тэмээнээс нь өөр юу байх сан.



Тэрбээр өөрийн аймгийн гэвээс Ламын гэгээний улаан, зах залгаа Өмнийн говийн Ханын хэцийн хүрэн, Галбын говийн улаан, Говийн Алтайн бол Төхөм Тунгалагийн хүрэн зэрэг улс оронд зард гарсан шилмэл үүлдэр угсааны буураар сүргийнхээн бүтцийг сайжруулж, ашиг буяныг нь арвижуулж явдгаан дурссан юм. “Малчин хүн малаан маллаж, эцэг дээдсийн ээл ивгээлт нутагтаан аж төрнө гэдэг түүнээн цагийн дөрвөн эргэлтэд, цагийн төрийн аливаа бүхний өнгөнд байнгалан нүдний цэцгий мэт хайрлан хамгаалж байхын нэр юм шүү” гэдгийг тэмээчин аваргын сонорт дуулгаад мордлоо. Малчин айлын малын тоог тодруулах нь тогоо руу нь өнгийх лүгээ адил, зүй зохис барагтай үйлдэл болохыг өмнө дурдсан сан. Гэвч энэ цагийн уншигчид гэдэг дандаа саваагүй зүйлд сатаарах нь их болсон болохоор, тэднийхээн үнэнийг мэдэх эрхийг нь бодож, биеэр уулзсан гэрчийн хувиар, аварга малчны тэмээ малын хэшиг буян гэхэд одоо найман зуун гуч үлснийг нь л дурдаад өнгөрсү. Баянхонгор нутгийнхаан тэмээн сүргээр хамгийн баян-Баянлиг сумын тэмээчин, улсын сайн малчин Ц.Шинэн гуайтайгаан тэмээ мал нь мянга хүрэхэд, улсдаан хамгийн олон тэмээтэй айл болоход нь уулзаж, “Өдрийн сонин”-д хөөрөлдөөнөөн хэвлүүлж, бэлгэ ерөөл өргөж явсан удаатай. Тэмээчин аварга маань түүнээс хойхно Монгол Улсын гавьяат малчны эрхэм алдар хүртсэн баяр ч тохиолдсон билээ. Энэхүү бэлгээр, Чимэлээ аваргын тэмээн сүргийг мянга хүрэхэд нь бид мөдхөн эргэж уулзахын ерөөл бас бодож, өргөж байнам.



... Баруун хойно Баянзүрх уул шинийн хоёрны намхандуу нарны доохнотоо, урд бөх аясхан амбан ат шиг торойж харагдана. Манай нутгийнхан говион урд, хойд гэж тэрүүхэнд нь ялгадаг юм. Тэгвэл Хойд говийнх нь энэ содон гоц уул тэмээдийнхээн савдаг нь байх. Тэнгэр алтайнх нь эзэн элчис нь ч мөн гэж санагдана. Тэмээ, тэмээчин хоёр бас говийн эзэд мөнөөс мөн дөө. Өнө мөнхийн энэ уулсынхаан дайдад говь минь говь чигээрээн байсаар ойрх цаг, энэ бидний үед хүрч ирсэн юм. Өвөг дээдэс минь говион бидэнд зэрлэг хавтгай, суваргалан хөхөртөх уулс, хэвлий дэх алт эрдэнэс, түмэн ардын минь идээшгэл буянт тэмээ мал, хар сүүлт зээр, хармаг торлог жимс... юу бүхэнтэй нь бүтэн бүрэн хүлээлгэж өгсөн шүү дээ. Биднээс ч бас тийн хүлээж авах үрс хойчсын үе бас тасаршгүй бөлгөө.

  Б.Элбэгзаяа /МУСГЗ/


Улаанбаатар-Баянхонгор-Залаажинст-Дугуй заг-Улаанбаатар. Хөх луу жилийн цагаан сарын шинэд. 2024 дүгээр он, хоёрдугаар сар.

Холбоотой мэдээ