Эмэгтэйчүүдийн бизнес платформд 10 гаруй брэнд нэгдээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-08 10:12:17

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Манай улсад эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтиийг дэмжих худалдааны дижитал нэгдсэн платформ нээгдээд байна.


Эмэгтэйчүүдийн төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөгжүүлэлт, үйлчилгээний нийлүүлэлтийн сүлжээг дэмжих зорилготой уг платформд одоогоор арвайн гурил үйлдвэрлэгч “Хайнаг толгой” хоршоо, үндэсний хувцасны “Уран далавч”, хүүхдийн модон тоглоомын “Тэрэм”, “Best mother”, гоо сайхны “Намуун”, ноос, ноолууран бүтээгдэхүүний ”Indert”, “Амин”, “Неста”, хар сармисны хандны “Ногоодой” болон “Халгайн цай” зэрэг үндэсний брэнд 10 гаруй компани нэгджээ.


Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих худалдаа, нийлүүлэлтийн нэгдсэн платформын төслийг Азийн сангаас хэрэгжүүлж байна. Дээрх платформыг ашигласнаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хоорондоо худалдаа, нийлүүлэлтийн сүлжээ үүсгэх болон онлайн дэлгүүр нээхээс гадна хэрэгтэй сургалт, зөвлөгөө, мэдээллийг нэг дор авч, хамтран ажиллах, хэрэгцээт ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой болж байна.


Эмэгтэй бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, “Гэрэгэ” систем, “Хөөрхөн зүрх” ТББ, олон улсын “Give2Asia”, “Lotus Circle” байгууллагууд дэмжин, хамтран ажиллаж байна. 

Холбоотой мэдээ