Б.Отгонбаяр: Сурагчдынхаа хандлага, төлөвшилд чухал нөлөөтэйг санаж биеэр үлгэрлэхийг хичээдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-01 12:14:29

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ЕБС-ийн физик, газар зүйн багш Б.Отгонбаатартай цөөн хором хөөрөлдлөө.

 

-Та яагаад физикийн багш болох болов. Ер нь багш болоход тань юу нөлөөлсөн бэ?

-“Физикийн багш минь нэг өдөр намайг дуудаад “Чи инженерийн мэргэжил эзэмшиж болно оо. Гэхдээ багшийн мэргэжил бол түүнээс дутуугүй сайхан. Багш болчихвол олон инженер төрүүлэх боломжтой шүү дээ” гэж хэлсэн үг миний амьдралын зам болж, намайг багш болоход нөлөөлсөн юм.

Багш бол хүүхдийн хүсэл мөрөөдлийг хөглөдөг хүн байхын тулд тасралтгүй л суралцаж байх ёстой юм байна гэдгийг би мэдэрсэн.   


-Өнөө цагт хүүхдүүдийн сурах орчин, нийгмийн байдал асар их өөрчлөгдөж байна. Хүүхдүүд цахим орчноос илүү их сайн, муу төрөл бүрийн мэдээллийг олж авч байна. Энэ бүхэнд багш хүний нөлөө чухал болов уу?

-Физикийн багш минь миний амьдралд нөлөөлсөн шиг, миний зааж, үлгэрлэж байгаа бүхэн хүүхдийн цаашдын хандлага, төлөвшилд чухал нөлөөтэй гэдгийг л санаж явахыг хичээн ажиллаж байна.


Манай сургуулийн физикийн багш үнэхээр сайн багш байж билээ. Багшийн минь үг надад, миний амьдралд маш хүчтэй нөлөөлсөн. Би багшийнхаа зөвлөгөөг дагаж, МУБИС-д физикийн багш бэлтгэдэг ангид элсэн суралцсан.


Энэ бүх сургамж зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлж, сайн шавь, ирээдүйд зөв хүнийг төлөвшүүлэхэд л ухамсарт амьдралаа зориулахыг бодож явдаг.


-Багш нарын нийгмийн асуудал хэр дээшилж байна. Багш гэж ер нь хэн бэ?

-Багш биднийг янз бүрийн аргаар маш их дэмждэг болж байна л даа. Тухайлбал, “Төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн ачаар багш нар багт нэгдэж, бие биеэсээ суралцах боломж олдож байна. Багш гэдэг мэргэжлийг зөвхөн самбарын өмнө хичээл заагаад зогсож байдаг хүнээр төсөөлөх нь өрөөсгөл шүү дээ.


-Багадаа ямар хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байв?

-Би багадаа инженер болох хүсэл дүүрэн хүүхэд байлаа. Дунд сургуульд сурч байхдаа физикийн хичээлдээ маш их дуртай, сонирхолтой байсан минь ч физикийн багш болоход дөхөм болсон байх. Дээр нь багшийн маань зөвлөгөө намайг чиглүүлж өгсөн.


Өнөөдөр би багш мэргэжлийг эзэмшээд, төрөлх сургуульдаа эргэн ирж ажиллаад нэг л мэдэхэд тасралтгүй 15 жил болсон байна. Энэ хугацаанд 10 гаруй инженер шавийг төрүүлэн гаргаснаараа бахархдаг.


-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ