НҮБ Гаити улсад 181 сая доллар хандивлана

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-10-03 09:45:00

ПОРТ-О-ПРЕНС. /Anadolu/. 2010 оноос хойш 9100 хүний аминд хүрээд байгаа булчин задрах тахалтай тэмцэхэд туслах зорилгоор НҮБ-аас 181 сая долларыг Гаити улсад тусламж болгон өгөхөөр шийдвэрлэжээ.

Тахалд өртсөн хүмүүс болон тэдний гэр бүлийнхэнд уг тусламжийг хүргэнэ гэж НҮБ-ын тусгай зөвлөх Давид Наварро ярьж байна. 

Тусламжийг ирэх гурван жилийн хугацаанд тусгай хөтөлбөрийн хүрээнд Гаитид хуваарилах ба хөтөлбөрийг тус улсын засгийн газартай зөвшилцсөний дараа оны сүүлчээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн зарлана гэж Д.Наварро мэдэгдлээ.

Гаити улсын Ерөнхийлөгч Жоцелерме Приверт булчин задрах тахалтай тэмцэхэд туслах арга хэмжээг НҮБ нэн даруй авах хэрэгтэй байна гэж өнгөрсөн долоо хоногт уриалжээ.  2010 оны аймшигт газар хөдлөлтийн дараа Гаитид ажиллаж байсан НҮБ-ын энхийг сахиулагчид болох Балбын цэргүүд тахал тараасан гэж үзэж байгаа юм.

2010 оноос хойш уг халдварт өвчинд 780 мянган хүн нэрвэгдээд байна. Энэ өвчин нь бохирдсон хоол хүнс, ундны усаар дамжин тархсан гэж үзэж байгаа бөгөөд гаитичууд хохирлыг нь барагдуулж өгөхийг НҮБ-аас шаардаж байгаа аж.

АНУ-ын Холбооны давж заалдах шатны шүүх НҮБ-ыг буруугүй гэж үзжээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ