ЗАВХАН: 1700-гаад оны үеийн дайн байлдааны туг хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-16 16:33:15

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейд дайн байлдааны баатарлаг ялалтыг бэлгэдэж бүтээсэн туг хадгалагдаж байна.


Аймгийн музейн шашны танхимд дэглэгдсэн Далха” бурхны хөрөгтэй, эргэн тойрон өргөн эмжиж хийсэн гадна талд нь гурван хэл, ишинд нь гурван уяа оосортой, дөрвөлжин хэлбэртэй “Туг далха” гэж нэрлэгдсэн торгон туг юм.


Энэ туг нь Баатар бэйсийн хошууны ноёд, язгууртан тайж нарт дамжин хадгалагдсан. Хамгийн сүүлд Тосонцэнгэл сумын Идэр багийн уугуул Дамбын Тойвгоо болон түүний хүү хурандаа Баттөмөр нарт байсныг 1980 оны сүүлчээр Завхан аймгийн музейн эрхлэгч Д.Дагвадорж үзмэрт авч үзүүллэгт дэглэжээ.


Эмгэн баатрын Далха туг нь Завхан аймгийн музейн шашны танхимын үзүүллэгт дэглэгдсэн ховор үзмэр. Уг туг нь 80x80 см хэмжээтэй.

Тэг дөрвөлжин хэлбэртэй, нэлээд өргөн, улаан шар хүрээн дотор торгон цайвар суурин өнгөн дээр “Далха” бурхныг нарийн дүрсэлж гоёмсгоор үзүүлсэн байдаг.


Туг зөвхөн нэг талдаа зурагтай, нөгөө талдаа цулгуй байдаг. Тугийн урд талд нь гурван хэлтэй, дээд хэл болох хөх өнгөн дээрээ “Ум ара базана ди” хэмээх тарнийг бичсэн, дунд хэл болох улаан өнгөн дээр “Ум мани бадми хум” гэсэн тарнийг бичсэн байдаг. Харин доод хэл нь хөх өнгөтэй дээрээ “Ум базар вани хум пад” гэсэн тарни бичсэн байдаг.

Хэлний ишинд гурван оосортой. Уг туг нь Бирваа бэйсийн хошууны Эмгэн баатрын байлдааны туг юм.


1700-аад оны үед дайн байлдааны үед хэрэглэгдэж байсан тодорхойлолттой. Монгол хүний гараар бүтээсэн түүхэн ховор бүтээл болно. Дайн байлдааны баатар ялалтыг бэлгэдэж бүтээсэн, Ойрадын дайнд оролцохоор мордохдоо ялалтыг бэлгэдэж бүтээсэн байдаг юм” гэж Завхан аймгийн Орон нутгийг судлах музейгээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ