ЗАВХАН: Дорнын их найрагчийн зохиол бүтээлээр амьсгалсан өдөр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-15 15:54:21

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан аймагт дорнын их найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсэн өдрийг тэмдэглэж байна.


Бэгзийн Явуухулан Завхан аймгийн Алдархаан суманд 1929 оны гуравдугаар сарын 15-нд төрсөн. 1964 онд Монгол Улсын төрийн шагнал, 1979 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ. 


Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны энэ өдрийг уран зохиолын хүрээнийхэн Явуугийн өдөр хэмээн онцолж, яруу найргийн баяр болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ.


Завхан аймгийн тухайд Дорнын их найрагчаа дурсах, залуу хойч үеийнхэндээ түүний зохиол бүтээлийг таниулах. Яруу найрагч, зохиолчид цугларч найрагчийн зохиол бүтээлээс уран яруу уншиж, яруу найргаар амьсгалдаг өдөр юм.



Өнөөдөр алдарт Явуугийн төрсөн нутаг болох Алдархаан суманд “Явуу-95” нэртэй яруу найргийн наадмыг хүүхэд, залуучуудын дунд зохион байгуулж байна. Мөн түүний зохиол бүтээлүүдээр үзэсглэн гаргажээ.


Завхан аймгийн музейгээс Алдартнуудын танхимд байрлах Бэгзийн Явуухулангийн танхимыг хүүхэд залуучууд, иргэдэд үзүүлж, найрагчийн өөрийн дуу хоолойгоор шүлэг бүтээлээ уншиж буй болон дүрс бичлэгийг үзүүлж байна. Мөн Улиастай хотод амьдардаг яруу найрагч, зохиолчид цугларч шүлэг, уран бүтээлээсээ уншиж танилцуулж байна.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч Б.Явуухулангийн танхим


Б.Явуухулангийн нэрэмжит Завхан аймгийн төв номын сангаас зохиолчийн 95 жилийн ойд зориулан олон талт үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд Шүлэгч анги хамт олныг шалгаруулах тэмцээнийг Улиастайд өнөөдөр зохион байгуулж байна.

Энэхүү тэмцээнд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн суралцагчид анги хамт олноороо оролцох бөгөөд Явуухулан найрагчийн шүлгүүдээс цээжилж ангиараа уран яруу уншиж өрсөлдөх юм. Тэмцээнд нийт 80 гаруй анги хамт олон оролцохоор бүртгүүлжээ.

Өнөөдөр Улаанбаатар хотод Б.Явуухулангийн мэндэлсний 95 жилийн ойг тохиолдуулан Завхан аймгийн зохиолчдын "Мөнх огторгуйн чимэг" төвөөс уламжлалт яруу найргийн уншлага өдөрлөгийг гурав дахь жилдээ "Явуугийн цэцэрлэгт хүрээлэн"-д зохион байгуулж байна.

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн

Мөн XX зууны манлай яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 95 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг Хүүхдийн төв номын сан өнөөдөр дэлгэжээ. 


Сонирхуулахад, Завханы төв Улиастай сумын төвд дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн хөргийг гудамжны урлагийн төрлөөр 2020 онд зуржээ.


Тус бүтээлийг Б.Явуухулангийн нэрэмжит гудамжны орон сууцны ханан дээр зурж “Moнго Хастле” багийн граффитч, уран бүтээлч Жагги Бэги, Дашиэр, ДиЖи Ану Дол  болон Завхан аймгаас төрөн гарсан реппер Десант Вольфизм нар хамтран бүтээжээ. Тус бүтээлийг “Арт нүүдэл” төслөөс санаачлан ажил хэрэг болгосон байна. 


Харин 2023 онд Завхан аймгийн 100 жилийн ойг угтаж, Б.Явуухулангийн зургийг сэргээж, мурал арт төрлөөр Монголын урчуудын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан, зураач, А.Сонинбаяр, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Э.Ганзориг нар зурсан байна. 

Холбоотой мэдээ