Гэрэл зурагчид хамтарсан аялал хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-02 17:02:57

Дорноговь аймгийн “Дорнын говийн тусгал” гэрэл зургийн холбооноос санаачилж Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Говь сүмбэр аймгийн гэрэл зурагчид, МБОИЗ/Монголын байгаль орчны иргэний зөвлөл/-ийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөл хамтран гэрэл зурагчдын аяллыг есдүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний хооронд  тус аймгийн Даланжаргалан сумын нутагт байх “Ихнартын байгалийн цогцолбор” газрын чиглэлд зохион байгууллаа.

Залуучууд хойч үед байгаль эх орноо хайрлан хамгаалах, бахархах үзлийг төлөвшүүлэх, Монгол орны говийн бүсийн үржил шимт, ан амьтан чуулсан ер бусын тогтоцтой байгалын цогцолбор “Их нартын байгалын нөөц газар”-ын ургамал, ан амьтан, жигүүртэн шувуудыг гэрэл зургийн хальснаа мөнхлөх, гэрэл зурагчид харилцан туршлага солилцох, уулзаж танилцах зорилгыг  тус аялал агуулжээ.

Гэрэл зурагчид Ихнартын байгалын цогцолборт газрын шувууд,  байгалын өвөр тогтоц бүхий газрууд, ургамал, аргаль янгирын дүрийг гэрэл зургийн хальснаа буулгасан бөгөөд орон нутгийн удирдлага,ард иргэдтэй уулзаж байгаль орчныг хамгаалах талаар явуулж байгаа бодлого чиглэл,  орон нутгийн хөгжил дэвшил, сонин сайхан, үүх түүхийг сонирхон харилцан яриа өрнүүлсэн аж.

Аялалд  Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаатар, Монголын гэрэл зургийн бүтээлийг хамгаалах холбооны гүйцэтгэх захирал Р.Баттулга,  ахмад гэрэл зурагчин Д.Октябрь, чөлөөт уран бүтээлч, фото сэтгүүлч Б.Батцэрэн зэрэг  гэрэл зургийн салбарт хэдийнээ байр сууриа олсон уран бүтээлчид оролцов.

Дашрамд дурдахад  Дорноговь аймгийн “Дорнын говийн тусгал” гэрэл зургийн холбоо нь орон нутгийн гэрэл зурагчдыг нэгтгэх, тэднийг зохион байгуулалтад  оруулах, говь нутгийн хөгжил дэвшил, байгаль цаг агаар, ан амьтан, аж амьдралын онцлог зүйлүүдийг гэрэл зургийн хальснаа буулгах,  гэрэл зурагчдын дунд уралдаан тэмцээн өрнүүлэх, сургалт арга хэмжээг зохион байгуулах зэрэг олон талт ажлыг хэрэгжүүлдэг байна.   

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ