СЭЛЭНГЭ: Гуу жалгандаа 31-55 см хүртэл зузаан цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-04 07:31:43

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОША-наас аймгийн мал өвөлжилтийн цаг агаарын тойм мэдээг хүргэлээ.  


Сэлэнгэ аймгийн нутгаар агаарын температур нэгдүгээр сард аймгийн дунджаар 21.1 градус хүйтэн, уур амьсгалын дунджаас 3.3 градусаар дулаан, Орхонтуул, Ерөө сумын нутгаар дунджийн орчим, бусад сумын нутгаар дунджаас 3.1-5.4 градусаар дулаан байсан байна.  


Харин хоёрдугаар сард аймгийн дунджаар 21.3 градус хүйтэн, уур амьсгалын дунджаас 2.3 градусаар хүйтэн, Хушаат, Зүүнбүрэн, Хүдэр сумын нутгаар дунджийн орчим, бусад сумын нутгаар дунджаас 1.9-4.5 градусаар хүйтэн байжээ.  


Сэлэнгэ аймгийн тухайд нэгдүгээр сарын хамгийн их хүйтэн өдөр 31-нд тохиосон бөгөөд Ерөө суманд 39.7 градус, Хушаат суманд 38.0 градус хүрчээ.  


Харин хоёрдугаар сарын 1, 2, 19, 20, 21-ний өдрүүдэд нийт сумын нутгаар эрс хүйтэрч 30.0-42.7 градус хүрчээ. Хоёрдугаар сарын хамгийн их хүйтэн 20-ны өдөр тохиож, Зүүнбүрэн суманд 39.6 градус,  Ерөө суманд 42.7 градус хүрсэн аж.


Хур тунадас нэгдүгээр сард аймгийн дунджаар 3.5 мм дунджаас 0.6 мм-ээр ахиу, Сүхбаатар, Орхон, Орхонтуул, Ерөө, Бугант сумын нутгаар дунджаас 1.1-5.5 мм-ээр ахиу, Баруунбүрэн, Түшиг, Хушаат сумдын нутгаар дунджаас 0.6-2.0 мм-ээр бага, бусад сумын нутгаар дунджийн орчим цас орсон байна.


Хоёрдугаар сард аймгийн дунджаар 4.1 мм дунджаас 1.9 мм-ээр ахиу, Сүхбаатар, Орхонтуул, Ерөө, Баруунбүрэн, Түшиг, Хүдэр, Бугант сумын нутгаар дунджаас 0.5-7.4 мм-ээр ахиу, Цагааннуур, Зүүнбүрэн сумын нутгаар дунджаас 0.4-1.9 мм-ээр бага, бусад сумын нутгаар дунджийн орчим 6-18 өдөр цас оржээ.


Цасан бүрхүүлийн тухайд нэгдүгээр сарын 31-ний байдлаар Түшиг, Бугант, Хүдэр, Сүхбаатар, Зүүнбүрэн, Орхон, Орхонтуул, Хушаат сумын нутгаар цасны дундаж зузаан 11-28 см, дундаж нягт 0.16-0.29 гр/см3 бусад сумын нутгаар 7-12 см, дундаж нягт 0.13-0.23 гр/см3 байсан байна.


Хоёрдугаар сарын 29-ний байдлаар Түшиг, Бугант, Хүдэр, Сүхбаатар, Зүүнбүрэн, Ерөө, Орхонтуул,  Хушаат сумын нутгаар цасны дундаж зузаан 10-29 см, дундаж нягт 0.15-0.24 гр/см3 бусад сумын нутгаар 4-8 см, дундаж нягт 0.19-0.25 гр/см3, хунгарлаж шуурсан газартаа 18-48 см, гуу жалгандаа 31-55 см хүртэл зузаан цастай байна. 

Холбоотой мэдээ