Де ла Фуэнтетэй байгуулсан гэрээг ДАШТ-ийг дуустал сунгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МАДРИД, 2024 оны хоёрдугаар сарын 22 /The Athletic/. Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Луис Де ла Фуэнтетэй байгуулсан гэрээгээ 2026 оны ДАШТ дуустал сунгаснаа Испанийн хөл бөмбөгийн холбоо /RFEF/ пүрэв гарагт мэдэгдлээ.
Де ла Фуэнтегийн өмнөх гэрээ энэ зун болох Европын аварга
шалгаруулах тэмцээний /ЕАШТ/ дараа дуусгавар болох байсан бол өдгөө 62 настай дасгалжуулагч дахин хоёр жил ажиллахаар болж байна.
Испанийн 21 хүртэлх насны хөлбөмбөгчдийг дасгалжуулж байсан тэрбээр 2022 онд Катарт болсон ДАШТ-д Испанийн шигшээ баг урам хугалсан тоглолт үзүүлсний дараа Луис Энрикегийн халааг авч, 2023 оны Үндэстнүүдийн лигт Испанийн шигшээг ялалтад хөтөлсөн юм. Лигийн финалын тоглолтод испаничууд Хорватын багийг торгуулийн цохилтоор буулган авсан билээ.
Үүний сацуу Испанийн хөлбөмбөгчид ЕАШТ-нд оролцох эрхээ аваад байгаа юм. Де ла Фуэнтегийн удирдсан баг 10 тоглолтод 27 гоол оруулж, 6 гоол алджээ. Тэрбээр залуу тамирчдад боломж олгож байсан Луис Энрикегийн бодлогыг үргэлжлүүлж, “Барселона”-гийн Ямин Ламаль зэрэг хөлбөмбөгчдийг шигшээ багт уриад байна.